"Улаанбаатар цом 2018” сонирхогчдын боксын тэмцээн үргэлжилж байна

"Улаанбаатар цом 2018” сонирхогчдын боксын Олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 20-ны өдөр “АСА цирк”-т нээлтээ хийлээ.

29 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Тайван, Казакстан, Киргизстан, Энэтхэг, Иран, ШриЛанк, БНАСАУ, БНСУ тэргүүтэй 12 орны 120 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Энэхүү тэмцээнд манай улсын тамирчид зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу 4 баг болон хуваагдаж, 40 шилдэг ширэн бээлийтнээ оролцуулахаар болсон юм.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Олон улсын боксын холбооны дэд ерөнхийлөгч, Азийн боксын холбооны Ерөнхийлөгч Серик Конакбаев, Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан болон Биеийн тамир спортын газар, МҮОХ-ны удирдлагууд, Монголын боксын спортын ахмад тамирчид, ивээн тэтгэгч байгууллагын төлөөллүүд оролцож, нийт оролцогч тамирчдадаа амжилт хүслээ.

Энэ жил Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ой, Монголын боксчин Н.Энхбат Сөүлийн олимпийн наадмаас анх удаа хүрэл медаль хүртсэний 30 жилийн ой, Монголын боксчин Э.Бадар-Ууган анх удаа 2008 оны Бээжингийн олимпийн аварга болсны 10 жилийн ой тус тус тохиож байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ