Ч.Улаан: "Рио Тинто"-ийн Монгол дахь захирлаар ажиллаж байсан хүн гишүүд рүү лоббидох бичиг илгээсэн
Татварын багц хуулийн төслийн өөрчлөлтийг Засгийн газраас өргөн барьсан хэдий ч өчигдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг гишүүдийн олонхи дэмжээгүй учраас хууль санаачлагчдад нь буцаасан билээ.
УИХ-ын гишүүд "Дотоодын ААН-үүдээ бодоогүй, гадны компаниудад, ялангуяа Оюутолгойд давуу эрх олгосон хуулийн төсөл байна" гэж шүүмжилсэн юм. Энэ талаарУИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа.
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг ямар шалтгаанаар дэмжээгүй юм бэ?
-Дотоодынхоо үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэхийн тулд татварын таатай орчин бүрдүүлэх нь зүйтэй. Татварын хуульд оруулсан заалтуудыг судалж үзэхээр алдаатай зүйлүүд нэлээд байсан. Ялангуяа татварын хууль бол бүх аж ахуй эрхлэгчдэд үйлчилнэ. Дотоод, гадаадын гэж зааглахгүй. Гэтэл бид дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжье гээд татварынхаа ачааллыг багасгаад дэмжлэг үзүүлээд ирэхээр манайд хөрөнгө оруулт хийж ажиллаж байгаа томоохон хөрөнгө оруулагчид ч адил хамрагдах болно. Гэтэл хөрөнгө оруулагчдад бид татварын нэлээд таатай орчин бүрдүүлээд өгчихсөн байгаа. Тиймээс дотоод, гадаадын бизнес эрхлэгчдийг хэрхэн зааглах гэдэг нь тодорхойгүй байна.
-Оюутолгой компанид хэт давуу эрх олгох заалтууд туссан гэдэг нь хэр үндэслэлтэй вэ?
-Орж ирсэн хуулийн агуулгаар үзвэл Оюутолгой компани татварын хөнгөлөлтөд хамрагдана. Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын талаар тусгагдсан асуудлуудын гуравны нэг нь хамрагдахаар байгаа. Үүнд чамгүй хэмжээний татварын хөнгөлөлт эдлэхээр байгаа юм. Тодорхойгүй заалтууд ч байгаа. Тухайлбал, зардлаа нотлоогүй байсан ч татварт оногдуулах орлогоос хасч тооцно гэсэн заалт байх жишээтэй. Гэтэл бид Оюутолгой дээр санхүүгийн баримтыг үзэж, зардал гүйлгээг нь баталгаажуулсан.
Эндээс илэрсэн зөрчлийг л одоо болтол хүлээн зөвшөөрөөгүй байгаа байгууллага. Гэтэл зардлаа баталгаажуулахгүйгээр хасалт хийгээд явахаар юу болох вэ. Энэ мэт алдаатай зүйлүүд байгаа учраас нэлээд ажиллах шаардлагатай хуулийн төсөл гэж үзсэн.
-Гадны компаниуд Монголоос олсон орлогынхоо 20 хувийг татварт төлдөг байсан бол таван хувь болгон бууруулж байгаа гэсэн?
-Монголд бүртгэлгүй албан татвар төлөгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад олсон орлогоосоо 20 хувийн татвар төлдөг байсан. Энэ татварыг дотор нь хоёр, гурав хуваагаад 5-10 хувь болгон бууруулсан заалт байгаа. Үүнийг ч анхаарах ёстой. Мөн Оюутолгой компанийн удирдлагын зардалд 20 хувийн татвар оногдуулдаг байсан. Гэтэл энэ удирдлагын зардал гэдгийг ойлгомжгүй болгоод удирдлагын үйлчилгээний орлого гэдэг шинэ ойлголтыг гаргаж ирж оруулсан. Ингэснээр удирдлагын зардал нь удирдлагын үйлчилгээний зарлага гэдэг ангилал руу гүйгээд татвараас чөлөөлөгдөх эрсдэл байгаа. Удирдлагын зардлыг ингэж ангилах ямар шаардлага байгаа вэ гэдэгт бид тайлбар авч чадаагүй. Энэ мэт тооцоо судалгаа хийх маш олон заалт байсан.
-"Ам Чам"аас танд бичиг ирсэн талаар та өчигдөр чуулган хуралдаан дээр хэлж байсан. Яг ямар утгатай бичиг юм бэ. Сангийн яамны оруулж ирсэн хуулийн төсөл тэр хүнээс ирсэн бичигтэй ижил байна гэсэн шүү дээ?
-Америк Монголын бизнесийн худалдааны танхим буюу Ам Чам гэдэг байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Камерон Макре гэж хүн УИХ-ын гишүүдэд албан бичиг ирүүлсэн байналээ. Надад бол нэр зааж ирүүлсэн. Энэ бичгэн дээр одоогийн орж байгаа татварын хуулиудыг хэлэлцэхэд харж үзээч гэсэн саналуудыг тусгасан байсан. Камерон Макре бол Оюутолгой компанийн Рио Тинтогийн Монгол дахь захирлаар олон жил ажилласан хүн. Гэтэл энэ хүн татварын хуулиуд дээр тодорхой саналууд тавьж, Засгийн газартай ойлголцсон гэхдээ сүүлийн удаа лобби хийх гэж оролдож байна.
Энэ асуудлуудыг хуульд тусгаж өгөөч гэсэн бичиг ирсэн. Би бол энэ лоббид оролцохгүй. Энэ ирсэн албан бичиг, хуулийн тодорхой заалтууд үг, үсэг зөрөхгүй таараад байгаа юм. Сангийн яамныхнаас “та нар үнээр бодож энэ заалтуудыг хуульд тусгасан уу. Аль эсвэл хэн нэгний заавраар тусгасан уу” гэж асуусан. Сангийн яамныхан “бид өөрсдөө бодож олсон. Бид тусгаарлагдаж сууж байгаад боловсруулсан хууль гэж тайлбарлаж байналээ. Гэхдээ нэг ч үг, үсэг зөрүүгүй таарч тохирч байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа. Энэ хуульд Ам Чамаар дамжуулаад Рио Тинтогийн лобби явж байна. Тиймээс УИХ-ын Оюутолгойн үр өгөөжийг сайжруулахын төлөөх лобби бүлэг маш их анхааралтай ажилласан.
-Оюутолгойд тавьсан татварын актаар хоёр тал ажлын 60 хоногт ойлголцохгүй бол Арбитрт очно гэж байсан. Энэ хугацаа дуусах дөхлөө. Хоёр тал ойлголцож чадсан болов уу?
-Монгол Улсын татварын байгууллага өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Оюутолгой компанид татварын акт тавьсан. Оногдуулсан татварыг хуулийн хугацаанд төлөх ёстой. Үүн дээр хоёр тал санал нэгдэхгүй байвал харилцан ойлголцохгүй байвал бодит байдлаа баримтаар нотлох ёстой. Ойлголцоод хуулийн дагуу асуудлаа шийдээд явах ёстой.
Г.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ