Цахим сүлжээгээр танилцсан эмэгтэй дөрөв хоногтой нярайг нь хулгайлсан хэрэг гарчээ
-“ТАНАЙ ХҮҮХДЭД БЭЛЭГ ӨГӨХ ГЭСЭН ЮМ” ГЭЖ ИРЭЭД
ХҮҮХДИЙГ НЬ ХУЛГАЙЛЖЭЭ-
Энэ сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтад дөрөв хоногтой нярайг хулгайлсан хэрэг гарчээ. Хохирогч эмэгтэй А нь Сэлэнгэ аймгийн иргэн бөгөөд нийслэлд амаржихаар ирсэн байх үедээ фэйсбүүк хуудасны “Ээжүүдийн групп”-т нэгэн эмэгтэйтэй танилцаж, тусалж дэмжихийг хүссэн байна.
Эл хэрэг хохирогч А нь төрөх эмнэлгээс Тахилтад байдаг найзындаа гарч, хөдөөнөөс нөхрөө ирж авахыг хүлээж байх үед гарчээ. Цахим сүлжээгээр танилцсан эмэгтэй түүнийг эмнэлгээс гараад удаагүй байхад нь дахин чатлаж “Танай хүүхдэд бэлэг өгөх гэсэн юм. Гэрийн хаягаа заагаад өгөөч” хэмээгээд, энэ сарын 4-ний орой найзынх нь гэрт бэлэг бариад иржээ.
Энэ хэргийн талаар хохирогч А ярихдаа “Тэр эмэгтэй миний байгаа газар энэ сарын 4-нд ирсэн юм. Орой нь харанхуй болчихлоо, танайд хоночихоод явъя” гэж гуйхаар нь адилхан эмэгтэй хүмүүс байна даа гэж бодоод ор засч өгөөд унтуулсан. Дүү маань надад "Таныг охинтой чинь ээлжлээд л хараад ажиглаад байсан шүү” гэж надад хэлсэн. Маргааш өглөө нь салхитай байсан ч гэсэн охиноо салхилуулахаар гэрээс аваад гарсан юм. Удалгүй гэртээ орох гэтэл нөгөө эмэгтэй “Эгч ээ, би охиныг чинь жаахан тэвэрье гээд авсан. Гэрийн үүдэн дээр зогсож л байсан.
Намайг гутлаа өмсөх гээд гэр рүүгээ түр орчихсон хойгуур гэнэт алга болчихсон. Би хашаанд хайгаад гудамж руу гартал байхгүй байсан. Ойрхон аваад явчихаж дээ гэж бодоод зогсож байтал цагаан өнгийн "Приус" хажуугаар тоос татуулаад давхиад гарсан. Араас нь гүйгээд би яаж гүйцэх билээ дээ, хий дэмийл хашгирсан.
Цагдаа дуудсан, цагдаа нар ч хурдан ирсэн. Нөгөө хүүхэн утсаа салгасан, 45 миунтын дараа фэйсбүүк рүү нь ортол зургаа сольчихсон. Намайг блок хийсэн байсан. Тэгээд фэйсбүүктээ би төрчихлөө гэж пост бичсэн байсан. Тэр өдрийн шөнө нь цагдаагийн газраас хүүхдийг минь олсон, намайг ирж ав гэсэн. Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтсээс очиж охиноо эсэн мэнд хүлээж авсан.
Цагдаагийн газраас тэр эмэгтэйг саатуулна гэж хэлсэн хэрнээ нөхрийнх нь хамт гадуур сул гаргасан байна билээ. Тэдний цаана нь байгаа хүмүүс намайг гүтгээд байгаа. “Чи хүүхдээ үрчлүүлнэ” гэчихээд одоо хулгайлсан гэж ярилаа гэж. Тэр эмэгтэй намайг “Охиноо үрчлүүлэх үү” гэж асуухаар нь “Би одонгийн охиноо яалаа гэж хүнд үрчлүүлэх билээ дээ. Үгүй л” гэж хэлсэн. Би тэр танихгүй эмэгтэйгээс айж байна. Надад ямар ч хамгаалалт байхгүй. Дахиад миний хүүхдийг хулгайлахыг завдвал яах вэ” гэлээ.
Хэний ч санаанд багтамгүй энэхүү хэрэгт холбогдсон эмэгтэй өөрөө хоёр хүүхэдтэй эх хүн ажээ. Бид олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх үүднээс энэхүү мэдээг хүргэж байна. Ямар ч насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс цахим сүлжээгээр хэн нэгэнтэй танилцаж хувийн мэдээлэл болон гэрийнхээ хаягийг зааж өгөхгүй байхыг анхааруулж байна. Тус хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.
М.Амаржаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ