З.Энхболд: Бид бүс нутгийнхаа интеграцаас хойш суучихаад эдийн засгаа хөгжүүлнэ гэж байхгүй
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.
-Ерөнхийлөгч ШХАБ-ын уулзалтад оролцоод ирлээ. Ямархуу үр дүнтэй явав?
-ШХАБ-ын Гадаад харилцааны сайд нарын, Хууль зүйн сайд нарын гэх мэтийн уулзалт байнга болдог. Түүний хамгийн том нь Төрийн тэргүүн нарынх. Төрийн тэргүүн нарын энэ удаагийн уулзалтад оролцох үеэрээ Ерөнхийлөгч БНХАУ, ОХУ, Беларусь, Казахстан, Кыргыз, Иран зэрэг зургаан улсын Төрийн тэргүүн, Энэтхэгийн Ерөнхий сайд гээд нийт долоон улсын удирдагчтай хоёр талын уулзалт хийсэн.
Мөн дөрөв дэх удаагийн Монгол, Орос, Хятад улсын Төрийн тэргүүний уулзалтад оролцлоо. Энэ бол уламжлал болж байгаа уулзалт л даа. Хоёр талын долоо, олон улсын байгууллагын нэг, гурван улсын нэг уулзалт гээд нийт есөн арга хэмжээнд хоёр өдрийн дотор оролцоод ирлээ. Эдгээр улсын Төрийн тэргүүнтэй уулзах гэж тус тусынх нь улс руу явбал маш их цаг, мөнгө зарах байсан.
-Энэ үеэр ямар асуудал яригдав?
-Монгол Улс ШХАБ-ын үйл ажиллагаанд яагаад ийм олон жил ажиглагчаар оролцоод, гурван улсын уулзалтыг санаачлаад яваад байна вэ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Манай улсын хамгийн сул хөгжсөн салбар бол дэд бүтэц. Орчин үед компаниуд ямар ч бараа үйлдвэрлээд, хямд өртөгтэйгөөр зах зээлдээ хүргэж чадахгүй бол эдийн засаг хөгжихгүй. Дэд бүтцээр холбогдохгүйгээр үүнийг хийж чадахгүй.
Тиймээс бид дэд бүтцээр холбогдох чиглэлийг илүү сонирхдог. Саяын уулзалтын үеэр өөрсдийнхөө сонирхлыг бусад гишүүн улсын дэвшүүлж буй дэд бүтэц хөгжүүлэх зорилгод нийцүүлэх, “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ШХАБ-ын орнууд яаж хүлээж авах, Монгол Улсын “Талын зам” (Сүүлд МАН-ынхан “Хөгжлийн зам” болгож өөрчилсөн)-ыг гурван улсын хамтын ажиллагаанд хэрхэн уялдуулах, хэн нь мөнгөө гаргаж, яаж барих вэ гэх мэтийн зүйл ярьсан.
Гурван улсын Төрийн тэргүүний уулзалт дөрөв дэх удаагаа боллоо. Өмнөх гуравт нь Монгол, Орос, Хятад гурав хамтарч 32 том төсөл хэрэгжүүлье гэж ярьсан. Үүнд нь Улаанбаатараар төв коридор, Чойбалсангаар зүүн коридор, Увс, Говь-Алтай, Их нууруудын хотгороор баруун коридорыг дайруулъя. Үүнийг нь дагаад цахилгааны шугам, төмөр болон автозам, хийн болон нефтийн хоолой зэрэг бүтээн байгуулалт хийнэ гэсэн яриа эхлүүлсэн байдаг. Үүнийг мөн ярилаа. Энэ бол дараагийн 10-20 жил үргэлжлэх бүтээн байгуулалт.
Мөн манай улс худалдаа хийхэд учраад байгаа хүндрэлээ арилгаач, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн төдийгүй Монголд боловсруулсан бүтээгдэхүүн, тэр дундаа хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн танай улсуудын зах зээлд борлуулъя гэсэн санал тавьж ирсэн. Одоо ШХАБ дэлхийн хүн амын тал, ДНБ-ий 24-27 хувийг нэгтгэсэн том зах зээл боллоо. Энэ том зах зээл рүү дэд бүтцээр холбогдох ёстой. Үйлдвэрлэгч, хэрэглэгч, дамжуулагч улс энд байна. Монголын газар нутгаар цахилгааны шугам, төмөр болон автозам, хийн болон нефтийн хоолойг өнгөрүүлэхэд чөлөөтэй. Бид бол өнгөрүүлснийхээ хөлсийг аваад сууя. Та нар манай улсаар бараа таваар, ажил үйлчилгээ, нефть, хий бүхнээ явуулаач. Бид баталгаа гаргаж өгч болно гэж Ерөнхийлөгч ярьсан.Х.Баттулга Ерөнхийлөгч болоод л үүнийг яриад байгаа юм биш. 2004 онд ШХАБ-ын үйл ажиллагаанд ажиглагч орноор орсноос хойш ярьж ирсэн зүйл.
Эдгээр дэд бүтцэд холбогдчихвол Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ашигт малтмал үүгээр л дамжина. Манай улс хоёр хөрштэйгөө дамжин өнгөрүүлэх тээврийн хэлэлцээр хийх гэж 1990 оноос хойш 28 жил оролдож байж 2014 онд БНХАУ-тай, энэ сарын 8-нд ОХУ-тай Транзит тээврийн тарифын хөнгөлөлтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ бүхэн Монголд бизнес хийх, бараа үйлдвэрлэх, түүнийгээ дэлхийн зах зээлд гаргах зорилгоо биелүүлэхийн тулд олон жилийн турш, уйгагүй, ухамсартайгаар хийж буй ажил юм. Манай улс ийм бодлого баримталж ирсэн. Үүнийг Х.Баттулга Ерөнхийлөгч үргэлжлүүлж байна. Өмнөх дөрвөн Ерөнхийлөгчийн бүтээж чадаагүй, цаасан дээр үлдсэн дэд бүтэц хөгжүүлэх ажлыг урагшлуулах найдвар байна. В.Путин “нефть хийн хоолойг Монголоор дамжуулаад тавьчихъя” гэж анх удаа хэлж байна шүү дээ.
-ШХАБ гэж ер нь ямар учиртай байгууллага вэ гэдгийг монголчууд нэг л сайн ойлгохгүй байх шиг.
-Түүх ярих юм бол ШХАБ анх байгуулагдахдаа Дундад Азийн 4-5 улс нийлж, терроризм, хар тамхи гэх мэтийн хил дамжсан будлиан зөрчлийг шийдэх зорилготой байсан. Тиймээс албан ёсны хэл нь орос, хятад. Сая бол улс бүрийн хэлээр орчуулга хийж байна билээ. Энэтхэг, Пакистан хоёр орж ирснээс англи хэлний хэрэгцээ нэмэгдэж байгаа.
Анх байгуулсан зорилго сүүлийн жилүүдэд нэлээд өөрчлөгдөж байгаа юм. Үүнийгээ ч дүрэмдээ тусгасан. БНЭУ, Пакистан хоёр элссэнээр дэлхий дээр байгаа бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хамгийн том нь ШХАБ боллоо гэж өөрсдөө зарлаж байна билээ. “БНЭУ 1.3 тэрбум, Пакистан 200 сая, нийт 1.5 тэрбум хүнээр манай байгууллагын хүн ам нэмэгдлээ. Дэлхийн хүн амын тал, улс орнуудын ДНБ-ий нийт дүнгийн 25 хувийг ШХАБ-ын гишүүн улсууд бүрдүүлж байна” гэсэн.
...“Танайх заавал элс. Элсэхгүй бол бид хийхгүй” гэж хэлэхгүй. Гэхдээ яагаад өдий хүртэл ажил яваагүйг бод доо. Ерөнхийлөгч “Элссэнээр бидний хожих нь их юм байна. Сөрөг зүйл мэдээж бий л байх. Түүнийгээ тооцох ёстой. Өгөх гэж байгаа, авах гэж буйгаа тооцох юм бол элсэх нь зүйтэй” гэсэн. Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр санал нэгтэй байгаа. УИХ энэ дүгнэлтэд хэзээ хүрэх юм, мэдэхгүй. Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр ажлаа хийчихлээ. Одоо УИХ-ын хийх ажил үлдсэн. Элсэх, эсэхийг УИХ шийднэ...
Монгол Улсын бодлого бас өөрчлөгдөж байна л даа. Гадаад харилцааны яамнаас ШХАБ-д элсье гэдэг асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүллээ. Ерөнхийлөгч Засгийн газартай санал нэг байгаа. “ШХАБ-д элсэх нь зөв юм байна. Бүс нутгийнхаа интеграцад орж, манайхыг тойроод байгаа дэд бүтцийг өөрийнхөө нутгаар явуулах нь зүйтэй” гэж үзэж буйгаа ч илэрхийлсэн. Ингэж байж л манай бараа бүтээгдэхүүн хямд өртөгтэйгөөр зах зээлд гарах боломжтой. Эхлээд манай орныг тойрсон гурван тэрбум хүнд, түүний дараа далайн эрэг хүрч, үлдсэн дөрвөн тэрбум хүнд ойртох боломж нээгдэнэ.
-Энэ байгууллагад элсэхийг эсэргүүцэх хүн олон байна. Тэр тусмаа Гадаад харилцааны сайд, Элчин сайд байсан хүмүүс их болгоомжилж байгаа шүү дээ?
-Гадаад харилцаа бол эмзэг асуудал. Ерөнхийлөгчийг явахын өмнөх хагас сар шахам хугацаанд маш хариуцлагагүй мэдэгдлүүдийг хийлээ. Өөрсдийгөө судлаач гэж нэрлэсэн, хэний ч танихгүй хүүхдүүд зурагтаар ярих юм. Энэ ч дүүрч. Гадаад харилцааны сайд, Элчин сайдаар ажиллаж байсан зарим хүн дэндүү байлаа. Хоёр хөршөө хараагаад байх юм. Бид нутгаа аваад хоёр хөршөөсөө зугтаад, нүүгээд явчих боломжгүй.
Манай улсын эдийн засаг, аюулгүй байдал, хамаг зүйл энэ хоёр улсаас хамгийн их хамааралтай. Гуравдагч хөрш бол далайн цаана байна. Гадаад бодлогын асуудлаар хэтэрхий буруу мэдэгдэл хийж, мэдэхгүй зүйлээ мэддэг царайлах дэмий. Олон нийтийн сүлжээгээр мэдэмхийрээд байгаа улсууд яг үнэндээ ямар ч мэдээлэлгүй шүү дээ.
Энэ ямар учиртай байгууллага вэ, манайхан юу яриад явдаг юм бэ, манай улсын оролцож байгаа гол зорилго нь юу вэ гэдгийг мэдэхийн тулд ШХАБ-д ажиглагчаар орсноос хойших бүх бичиг баримтыг би уншсан. ШХАБ-ын үйл ажиллагаанд манай Засгийн газар, Ерөнхийлөгч нэлээд үүрэгтэй оролцдог, парламент хоорондын хамтын ажиллагаа байхгүйтэй адил юм билээ. Оролцоогүй үлдсэн үеийнхээ юмыг нөхөж үзсэн хэрэг. Тэр мэдээллийг авсан хүний хувьд хэлэхэд мэддэг юм шиг яриад байгаа хүмүүс маш их мэдэмхийрч байгаа.
-ШХАБ-д элсвэл тусгаар тогтнолоо алдчих гээд байна гээд байгаа шүү дээ.
-Энэ найман улс тусгаар тогтнолоо алдчихаад байна уу.
-Уулзалтын үеэр ШХАБ-ыг санаачлагчид юу гэсэн бэ?
-“Танай улс дэндүү удаан ажиглагчаар явж байна шүү. Хамгийн анхны ажиглагч. 14 жил боллоо. Одоо шийдвэрээ гарга. Энэ бол цэвэр танай дотоод ажил. Жинхэнэ гишүүн болвол ийм боломж байна, өөрсдөө шийдэцгээ” гэсэн. Энэ бол ньюанстай үг шүү. Мэдээж “Танайх заавал элс. Элсэхгүй бол бид хийхгүй” гэж хэлэхгүй. Гэхдээ яагаад өдий хүртэл ажил яваагүйг бод доо. Ерөнхийлөгч “Элссэнээр бидний хожих нь их юм байна.
Сөрөг зүйл мэдээж бий л байх. Түүнийгээ тооцох ёстой. Өгөх гэж байгаа, авах гэж буйгаа тооцох юм бол элсэх нь зүйтэй” гэсэн. Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр санал нэгтэй байгаа. УИХ энэ дүгнэлтэд хэзээ хүрэх юм, мэдэхгүй. Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр ажлаа хийчихлээ. Одоо УИХ-ын хийх ажил үлдсэн. Элсэх, эсэхийг УИХ шийднэ. Ер нь “Элсэж магадгүй шүү, бид дотооддоо хэлэлцүүлэг өрнүүлж байна” гэхээр гурван улсын хэлэлцээрт дурдагдсан 32 ажил эхлэхээр боллоо шүү дээ.
УИХ энэ шийдвэрийг гаргахдаа Засгийн газрынхаа саналыг дэмжих хэрэгтэй. Тэр мэдэмхийрээд байгаа хүмүүсийн яриа бол огт ор үндэсгүй зүйл. Анх аюулгүй байдлын байгууллага гэж байгуулагдсан түүнээс хойш 22 жил өнгөрчээ. Бид тэр үеийн мэдээлэлтэйгээ л байж болохгүй. Одоо эдийн засаг, дэд бүтэц, хүмүүнлэг, боловсрол, эрүүл мэнд гэх мэт бүхий л салбарыг хамарсан байгууллага болжээ.
-Ерөнхийлөгч, Засгийн газар энэ байр суурьт хүртлээ хэр их судалгаа хийв?
-Гадаад харилцааны яаманд судалгааны байгууллагууд, үе үеийн Гадаад харилцааны сайд байсан хүмүүсийг цуглуулж, санал бодлыг нь сонссон. Тэгэхэд Ерөнхийлөгч хоёр цаг хагас сууж тэдний байр суурийг сонссон. УИХ-д хэлэлцүүлэг болсон. Энэ мэтээр дотооддоо бид ажлаа хийгээд л байгаа.
Гадаад харилцаанд намын ялгаа байж болохгүй, урд жилүүдэд ч тийм явж ирсэн. Тийм ч учраас МАН-ын Засгийн газрын Гадаад харилцааны сайд, АН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч хоёр гадаад бодлого дээр ингэж санал нэгдэж байгаа юм. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргана. УИХ хуулийг нь батлахгүй бол элсэхгүй. УИХ хууль баталж, энэ байгууллагад элссэнийг зарлахгүй бол ярьсан бүх зүйл хүчингүй.
-Манай улсын хувьд төвийг сахих нь тохиромжтой гэж нэлээд ярьсан. ШХАБ-д элсвэл төвийг сахих бодлого юу болох вэ?
-Тэр бол Ц.Элбэгдоржийн хувийн бодлого байсан. Төрийн гадаад бодлого биш. Тиймээс УИХ батлаагүй. Дараагийн УИХ ч батлахгүй гээд буцаасан. Гадаад бодлогоор тэгж тоглож болохгүй. Харин ШХАБ-ын тухайд төрийн гадаад бодлого явж байна. Ерөнхийлөгч, Засгийн газрын бодлого төрийн бодлого болж УИХ-аар батлагдах ёстой. Бид сүүлийн 15 жилд явсан гадаад бодлогынхоо залгамж чанарыг л авч яваа. Манай дарга нар өмнө нь “Бид элсэнэ, гэхдээ Энэтхэг, Пакистан хоёрын дараа” гэж хэлдэг байсан. Нөгөө хоёр нь 2016 онд элсчихсэн.
-БНХАУ-ын дарга мах авна гэж хэлсэн гэв үү?
-Тийм. Хоёр талын уулзалтын үеэр Ерөнхийлөгч “Мах төдийгүй ХАА-н маш олон төрлийн бүтээгдэхүүн байна. Танайх хонины махны хэрэглээ өндөр юм байна. Манайх хонь олонтой. Хонины мах нийлүүлье” гэсэн. “Шүлхий өвчингүй газраас хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан махыг жил бүр авч болно” гэж хариулсан.
-Гэхдээ ШХАБ-д элссэн тохиолдолд уу?
-Их газрын дундах арал шиг ингээд л байгаад байх уу гэдэг бодол аль альд нь л байна шүү дээ. Өргөдлөө өгчихөөд элсэж амжаагүй, саяын уулзалтын үеэр үг хэлэхдээ “Манайх өргөдлөө өгөөд удаж байгаа шүү” гэж сануулж байгаа улсууд ч байна. Харин хоёр хөршийн Төрийн тэргүүнүүд “Танайхыг өргөдлөө өгвөл бид хурдан элсүүлнэ шүү. Яагаад гэвэл танай нутгаар явах дэд бүтцийн ажил хүлээгдэж байна” гэж байна билээ.
Гацсан эдийн засгаа урагшлуулъя, махаа заръя. Манайхаар дэд бүтэц дайрахад ажлын байр бий болно. Ядаж л газраараа дамжуулсан төлбөрөө аваад сууна. Ингэж дэлхийн хэмжээнд биш юм гэхэд бүс нутгийн хэмжээнд сэтгэхгүй бол бид 1.5 сая хавтгай дөрвөлжин км газартаа яаж ч тонгочсон уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр зардаг юмгүй хэвээр л байх нь. Энэ бодлого ажиглагчаар орсон 14-15 жилд тогтвортой, нэг чиглэлтэй явж байгаа.
Бид бүс нутгийнхаа интеграцаас хойш суучихаад эдийн засгаа хөгжүүлнэ гэж байхгүй. Ямар ч бизнесмэнээс асуухад Монголын зах зээл жижигдээд байна гэж хэлдэг. Ядаж л жил бүр гардаг 10 сая арьс ширээрээ гурван тэрбум хүнд зориулж гутал хийвэл жинхэнэ дэлхийн хэмжээний компани болно.
-Манайх хоёр хөрштэйгөө сайн харилцаатай. Энэ байгууллагад элсэхгүйгээр яриад байгаа зүйлсээ ажил хэрэг болгох ямар ч боломжгүй гэж үү?
-БНХАУ руу 30, ОХУ руу 20 хувийн татвартай. Бид гадаад харилцаандаа прагматик л хандах ёстой. Бараагаа гаргахад учирч буй саадыг арилгах нь төрийн ажил.
-ШХАБ ч бай, өөр ч бай, иймэрхүү олон улсын эвсэлд элсэхэд нээгдэж буй боломжийнхоо зэрэгцээ алдах зүйл заавал байдаг гэдэг.
-Европын холбоонд элсэхэд тухайн улс өөрийнхөө мөнгөн тэмдэгтийг хэвлэх эрхээ алддаг. Нэг Төвбанктай учраас Европын холбооны улсууд дахиж өөрийн мөнгөн тэмдэгтийг хэвлэж чадахгүй. Мөнгөн тэмдэгт тусгаар тогтнолын нэг илэрхийлэл гэвэл тэдэнд байхгүй. Хил хязгаар байхгүй. Энэ бол интеграцын сул тал. Давуу тал нь эдгээр улсын хооронд бизнес хийхэд маш хялбар болсон. Ажиллах хүч нь нааш цаашаа чөлөөтэй явж байна.
Үүнд хожсон, хожигдсон аль аль нь бий л байх. Европын холбоог эсэргүүцдэг хэсэг бүлэг, улс төрийн нам аль ч улсад нь бий. Гэхдээ л Европын холбоо урагшаа маш том алхсан. ШХАБ-ын зорилго бол Европын холбооноос өөр. Улс бүр мөнгөн тэмдэгт, хил хязгаар, хилийн цэрэгтэйгээ байна. Энэ бол сул эвсэл. Европын холбоо бол хатуу эвсэл. Европын холбоо Сирийн дүрвэгчдийг авахыг үүрэг болгосон тул үүнийг нь биелүүлэхгүй гээд Англи улс холбооноос гарсан. Нэг нэгэндээ дүрвэгчдийг шахдаг, нэгэндээ ямар нэг зүйл тулгаж, түүнийг нь хүлээж авахгүй бол хаяад явдаг хатуу хэлэлцээр ШХАБ-д байхгүй. Улс бүр өөр өөрийнхөөрөө байж болно.
Юун дээр тохиролцох гээд байна вэ гэвэл, хилээрээ хууль бус зүйл оруулахгүй, экстремизм, терроризм, сепаратизмтай хамтарч тэмцэнэ, дэд бүтцээрээ бүгдээрээ холбогдъё, худалдаанд тулгарч буй саад бэрхшээлээ арилгая, татваргүй болъё, аль ч улсын машин нөгөөдөө чөлөөтэй зорчъё, бараагаа нэг улсад нь шалгасан бол нөгөөд нь давхар шалгахаа больё гэж байгаа. Сүүлийн таван жилд ШХАБ эдийн засгийн чиглэлд илүү анхаардаг болсон.
-Ерөнхийлөгч саяын уулзалтын үеэр төдий хугацааны дараа элсэнэ гэсэн амлалт өгсөн үү?
-Хугацаа хэлээгүй. Гэхдээ бидэнд дотооддоо хийх гэрийн даалгавар үлдсэн. Засгийн газар УИХ-даа бичгээ явуулах хэрэгтэй.
-Ойрын үед үү?
-Түүнийг МАН л мэдэх байх даа. 65 гишүүнтэй хариуцлага хүлээж байгаа нам шүү дээ. Мах, арьс ширээ заръя, хийн болон нефтийн хоолойг нутгаараа дамжуулъя, төмөр зам, засмал зам тавья гэвэл шийдэхээс аргагүй.
-Элслээ гэнгүүт л энэ асуудлууд шийдэгдэнэ гэж үү?
-Манайхыг тойроод л бүх улс дэд бүтцээрээ холбогдож байна шүү дээ. Манайх хуурай газрын арал шиг дунд нь үлдсэн байгаа биз дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ