Улс төр дэх эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дэмжих нь нийгмийн хөгжилд эерэг нөлөөлөл авчирна
“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын үдээс хойшхи зөвлөгөөн өчигдөр /2018.06.12/ “Залуучууд, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвүүдээр үргэлжиллээ.
Зөвлөгөөний гурав дахь хэсэг “Залуучууд, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх” сэдвийн дор явагдаж, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Хүний эрхийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн хатагтай Б.Саранчимэг, Япон Улсын парламентын гишүүн ноён Карен Макишима болон Бүгд Найрамдах Филиппин Улсын парламентын гишүүн ноён Шарон Гарин нар илтгэв тавив.
Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Хүний эрхийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн хатагтай Б.Саранчимэг илтгэлдээ, эмэгтэйчүүд, залуучуудын улс төр дэх оролцоо шат шатны бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшний нөлөөлөл нь яагаад эерэг байдаг тухайд дэлгэрэнгүй дурдав. Тэрээр,
- Азийн орнуудын онцлогийг харахад эмэгтэйчүүдийн хувьд “уламжлал” нэртэй патриарх (эцгийн эрхт) үзлийн үүднээс дэмжлэг сул байх хандлага нийтлэг байдаг. Энэ үзэл нь хэдийгээр зарим орны соёлын нэг хэсэг боловч нийгэмд хөгжлийг урагшлуулахад хүний нөөцийн чадавхаа бүрэн ашиглаж чадахгүй байх сул талтай. Мэдлэгжсэн, туршлагажсан бололцоот хүний нөөцийн чадавхаа зөвхөн хүйсийн байдлаас нь болж нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцуулах боломжийг нь хааж буй байдал бол тухайн орны эрх ашигт сөргөөр нөлөөлж байдаг.
- Эмэгтэйчүүдийн аливаад хандах хандлага, бүтээлч сэтгэлгээ, байгалиас заяасан ууч нинжин сэтгэл, гярхай ажиллагаа, гоозүйн мэдрэмж нь бодлогын судалгаа, бодлого боловсруулах үйл явцад зайлшгүй шаардлагатай байдаг. Авлигад өртөх, хууль зөрчих зэрэг бусармаг үйл явдлуудад эмэгтэйчүүд бага өртдөгийг судлаачид дүгнэдэг.
- Залуучуудын улс төрийн манлайллын талаарх дэлхий нийтийн ойлголт сүүлийн жилүүдэд огцом өөрчлөгдөж байна. Олон улсын түвшинд өндөр түвшний манлайллын нэн харицлагатай байрлалд залуучууд олноор орж ирэх болсон нь цаг үеийн онцлог болж байна. Технологид суурилсан, мэдлэгийн эдийн засагт түшиглэсэн нийгмийн сүлжээ, харилцаа, харилцан хамаарал бүхий эдийн засгийн модель нь зөвхөн энэ цаг үеийн онцлогийг мэдэрсэн энэ цаг үеийн бүтээгдэхүүн болсон залуусын гарт бизнес, улс төр, нийгмийн талбарт залуус манлайлах боломжийг илүү ихээр олгож байна. Элэн Маск, Марк Зукерберг болон Гүүгл, Үбер, Амазон, Алибаба зэрэг онлайн платформд суурилсан бизнес нь энэхүү цаг үеийн онцлогийг агуулсан ирээдүйн цахим эдийн засгийн суурь болж байна. Цахим мөнгө, крипто карренси зэрэг санхүү гүйлгээний шинэ шинэ системүүд үеэ өнгөрөөсөн, зардал өндөртэй тогтолцоог бүхэлд нь халах соёлын давалгаа дэлхий даяар өрнөж байна. Энэ цаг үеийг мэдэрсэн, энэ цаг үеэр хүмүүжсэн технологийн мэдлэгээр зэвсэглэсэн залуусын дэлхийн нийгэм эдийн засагт нөлөөлөх шалтгаант нөхцөл ийнхүү нэмэгдсээр. Энэ хэрээр зөвхөн бизнес төдийгүй, бодлого боловсруулах шийдвэр гаргах түвшинд залуучууд идэвхтэй оролцох шаардлага бий болж байгаа юм.
- Олон жилийн улс төрийн зөрчилд автагдаагүй улс төрийн хувьд хэн нэгнээс хамааралтай буюу хэт туйлшраагүй өндөр боловсрол тодорхой туршлагатй, цаг үеийнхээ хөгжлийн зураглалыг ойлгодог үнэт зүйлтэй, түүнээс хазайдаггүй залуусыг улс төрийн нам харгалзахгүй, хөрөнгө санхүүгээр нь боомлихгүйгээр нийгмийн хариуцлагатай түвшинд сонгох, томилох, ажиллуулах нь Монголын улс төрд эерэг нөлөөлөл авчрах хамгийн чухал арга зам байх болно. Монгол Улсад аливаа төрлийн ялгаварлал түүний дотор эмэгтэйчүүд, залуучуудын нийгэмд оролцох, манлайлах, баялаг бүтээх боломжийг хязгаарлах ёсгүй.
Иймд улс төр дэх эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дэмжих нь нийгмийн хөгжилд эерэг нөлөөлөл авчрах бөгөөд энэ чиглэлээр тогтвортой дэмжлэг үзүүлэн ажиллах нь Монголын улс төрийн төлөвшилд сайн жишиг болно гэдэгт эргэлзэхүй байна хэмээлээ.
Зөвлөгөөний дөрөв дэх хэсгийг Бутаны Вант Улсын парламентын гишүүн ноён Дуптоб даргалж, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Монгол Улс болон Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын парламентын гишүүд илтгэл тавив.
Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга хатагтай А.Ундраа Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлын талаар илтгэл тавив. Тэрээр, 1990 оноос хойш Улсын Их Хурал болон Засгийн газраас 500 орчим бодлогын баримт бичиг баталснаас 170 нь хугацааны хувьд хүчин төгөлдөр байна. Тэдгээрийн дийлэнхи нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-аас өмнө батлагдсан тул нэршил, хэрэгжих хугацааны хувьд зохистой биш, зорилго, зорилтууд нь урт хугацааны бодлогын зорилго, зорилттой уялдаагүй байна. Иймд үндэсний хэмжээний болон салбар, салбар дундын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д нийцүүлэх, хоорондын уялдааг үнэлэх шаардлагатай байгаа юм.
Мөн үндэсний хэмжээнд хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдааг хангах, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтот түвшинг тодорхойлох ажлыг бүх салбарын яамд, бусад холбогдох байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулах шаардлага бий учир холбогдох дэд ажлын хэсгүүдийг байгуулж, ажиллуулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа юм.Цаашид Тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайдаар ахлуулсан “Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний хороо”, 9 ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байгаа болно. Мөн яам, агентлаг, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, салбар дундын бодлогын уялдааг хангах, тоо мэдээлэл харилцан солилцох, хэрэгжилтийн тайлан боловсруулан гаргахад их, дээд сургууль, судалгааны институт, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог ханган ажиллах нь чухалбайгаа болно гэлээ.
Хуралдаанд оролцогчид илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга авч, төгсгөлд нь Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Хүн ам, хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлын бүсийн үнэлгээтэй холбогдуулан Улаанбаатарын Тунхаг бичгийг хэлэлцэн батлах юм УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ