Төрийн өмчит компаниуд хувьчлалд бэлэн үү?

Засгийн газраас “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Ингэхдээ эрчим хүч, авто зам, уул уурхай, банк, санхүү, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит, өмчийн оролцоотой 18 байгууллагыг бүрэн, 19-ийнх нь тодорхой хувийг хувьчлахаар төлөвлөсөн байна.

Тухайлбал, Төрийн банк, Монголын Хөрөнгийн бирж, МИАТ, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл, холбооны сүлжээ” зэрэг компанийг хувьчлахаар төлөвлөсөн юм. Өмнө нь хувьчлалд цөөн хүн, хуулийн этгээд оролцон тухайн аж ахуйн нэгжийг худалдан авдаг байсныг өөрчилж, хувьцааг нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлахаар болсон. Төрийн өмчит хувьцаат компаниуд “ашиггүй ажилладаг” гэсэн шошго үргэлж зүүж байдаг.

Харин сүүлийн үед төрийн өмчит хувьцаат компаниудыг ашигтай ажиллаж байгаа талаар мэдээлэл түгэх болсон. Тухайлбал, төрийн өмчит хувьцаат компаниуд 2016 оны эхний хагас жилд 15.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол өнгөрсөн оны эхний хагас жилд 459 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ашиг 30 дахин өсөж, компаниудын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавх сайжирч, борлуулалт 3.4 их наяд төгрөгт хүрч орлого 56 хувиар өссөн.

2016 оны эхний хагас жилийн байдлаар 10.8 их наяд төгрөгийн өр, төлбөртэй байсан төрийн өмчит компаниудын өр 8.7 их наяд төгрөг болж, 2.1 их наяд төгрөг буюу 25 хувиар буурсан. Өнгөрсөн оны 10.8 их наяд төгрөгийн өр төлбөрт Хөгжлийн банк, Төрийн банкны ашиглаж байгаа 5.2 их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэрийг оруулж тооцсон ба энэ эх үүсвэрээс хувийн секторт 4.4 их наяд төгрөгийн зээл олгосон байна.

Одоогоор манай улсад төрийн өмчийн 101 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа 12, Сангийн яамны харьяа тав, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 84 компани харьяалагдаж үйл ажиллагаа явуулдаг.

Төрийн өмчийн компанийн хэрэглээг танах шаардлагатай талаар олон нийтийн зүгээс эсэргүүцэл их байдаг. Тэгвэл өнгөрсөн жилээс эхлэн тэдний зардлыг хязгаарлах болсон юм. Өнгөрсөн жил улсын төсөвт өмч хувьчлалаас 120 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцсон ч биелээгүй аж.

Тухайлбал, өнгөрсөн оны төсөвт тусгаснаар “Монголын цахилгаан холбоо”-г 7.6 тэрбум төгрөгөөр хувьчилна гэж тооцсон. Тус компани 2009 онд 2.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 440 тэрбум төгрөгийн ноогдол ашиг тарааж байлаа. Түүнчлэн 2010 онд 1.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Харин 2011 онд алдагдалд орж эхэлсэн юм.

Энэ оны хоёрдугаар сард Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Монголын цахилгаан холбоо” компанийн 2015, 2016 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд нийт 2.6 тэрбумын зөрчил илрүүлэв. Шалгалтаар орлогын төлөвлөгөөг 2015 онд 2.1 сая төгрөгөөр, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 570 орчим сая төгрөгөөр тасалдуулсан зөрчил илэрсэн. Өнгөрсөн онд тус компани 7.287 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө батлуулснаас оны эцэст 2.981 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, гүйцэтгэл 40.9 хувьтай гарчээ.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ