ДАШТ: Монголын сагсчид хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ

Филиппин улсын Манила хотод болж буй FIBA 3x3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын баг тэмцээнээ өндөрлүүллээ.

Эрэгтэй 20 багаас “С” хэсэгт ОХУ, Филиппин, Бразил, Канад, Монгол Улсын баг багтсан юм. Манай залуус эхний тоглолтод Канадад хожигдсон ч тэмцээнийг зохион байгуулагч Филиппинийг олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө хожиж эхний шуугианыг тарьсан. Улмаар өчигдөр ОХУ-ын хүчирхэг багийг мөн 21:18 буюу гурван онооны илүүгээр хожин шилдэг наймд үлдэх болзлоо хангасан юм. Мөн хэсгийн сүүлийн тоглолтоо Бразилтай хийж, 19:16-аар ялалт байгуулсан.

Шилдэг наймд үлдсэн Монгол Улсын баг өнөөдөр дэлхийн гурван удаагийн аварга Сербид хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ. Дэлхийн чансааг тэргүүлж байгаа Сербийн баг хагас шигшээд Польштой тоглохоор боллоо.

Анх удаа FIBA 3х3 ДАШТ-д оролцсон А.Тулга дасгалжуулагчтай Монгол Улсын баг шилдэг наймд үлдэхдээ Ази тивээс ганцаараа шалгаран үлдлээ. Багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтаж, 50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д сагсан бөмбөгийн ур чадвараа харуулж, эх орноо дэлхийн дэвжээнд таниулж чадлаа. Монгол Улсын шигшээ багийг дахин олон тэмцээн хүлээж байна.

Энэ цагт шөвгийн наймын бусад тоглолтууд үргэлжлэн явагдаж, улмаар хагас шигшээ тоглолтууд болж медальтнууд тодорно. Манай баг тамирчид энэ сарын 15-ны өдөр эх орондоо ирэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ