Ерөнхийлөгч үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзав

Токио 2020 олимпийн наадмын хөтөлбөрт багтаад нэг жилийн хугацааг үдэж буй, сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр манай улсын шигшээ багууд чамгүй өндөр амжилтыг үзүүлж байна.

Ирэх баасан гарагт Филиппин улсын Манила хотноо ФИБА 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд анх удаа оролцох Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагчдыг өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Тэрээр Монголчуудын итгэл найдварыг тээж, дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцохыг хүсэн ерөөжээ.

Багийн спортоор маш том амжилт гаргаж буй шигшээ багийн тамирчдад 2020 оны олимпийн наадам хүртэл шат дараатай дэмжин хамтран ажиллах болно гэдгээ ч мэдэгдсэн юм.

Манай шигшээ багууд энэ он гарсанаас хойш Дэлхийн гранпри тэмцээнд 2 хүрэл, 2 шагналт 4-р байранд шалгарчээ. Мөн Ази тивийн аваргад мөнгөн медаль, U23 насны Дэлхийн үндэстнүүдийн лигийн тэмцээнд хоёр алтан медаль хүртэж, одоогоор дэлхийн чансаанд эрэгтэй баг тамирчид V байранд, эмэгтэй баг IV байранд, Монгол улс IV байранд тус тус бичигдэж байна.

ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “С” хэсэгт манай шигшээ баг багтсан. Энэ сарын 9-нд 16:40-өөс Канадын шигшээ багтай тоглох бол 18:40 минутаас талбайн эзэн Филиппинтэй,06/11-нд 15:30 минутаас ОХУ-тай, 17:10 минутаас Бразилийн шигшээ багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ