ФИБА 3x3 “Ulaanbaatar Challenger” тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно

ФИБА 3x3 “Ulaanbaatar Challenger” дэлхийн Гранпри тэмцээн зургаадугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав "Улаанбаатар Гранпри тэмцээн нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн тэмцээн нь нийт 19 хотод болох цуврал тэмцээний нэг юм. Олон Улсын сагсан бөмбөгийн холбооноос тоглолтын хуваариуд гарсан байна.

Улаанбаатар дэлхийн Гранпри нь Токио 2020 Олимпын наадмын хөтөлбөрт багтсан 3x3 төрлийн баг тамирчдад Олимпын эрхийн оноо олгох чансаа өндөр тэмцээнүүдийн нэг юм. Тиймээс манай улсын багуудын эрэмбэ өсөх боломжтой.

Тэмцээнд дэлхийн аварга Сербийн шигшээ болон чансаагаараа тэргүүлэгч Словени, Австрали, Польш, ОХУ, Канад, Япон, Бразил, Индонез, Монгол зэрэг шилдэг 10 шигшээ баг оролцоно.

Эхний хоёр байрт шалгарсан багууд аравдугаар сарын 13-14-ний хооронд Малайз улсад болох Дэлхийн Их дуулгын тэмцээнд оролцох эрх авах юм.

Нийт 20 мянган ам.долларын шагналын сантай “Улаанбаатар" Гранпри тэмцээнийг М-Си-Эс Группийн М-Си-Эс Кока-Кола, Юнител ХХК-иуд болон Сэнгүр брэнд ивээн тэтгэж байна. Ивээн тэтгэгч байгууллагууддаа талархлаа илэрхийлье" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ