“Токио-2020” олимпийн тэтгэлэгт хамрагдсан тамирчид сард 250 ам.доллар авна
Олон улсын олимпийн хорооноос “Токио-2020” олимпийн наадмыг угтан, ганцаарчилсан спортын төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. Олимпийн наадамд оролцох эрх авах, цаашлаад медаль хүртэх боломжтой ирээдүйтэй, шилдэг тамирчдыг тус хөтөлбөрт хамрагдаж байгаа.
Монголын үндэсний олимпийн хорооноос, Спорт холбоодын албан хүсэлтийн дагуу тэтгэлэгт хөтөлбөрт нэр дэвшигчдийн тухай албан бичгийг Олон улсын олимпийн хороонд илгээн, шалгаруулснаар энэхүү хөтөлбөрт нийт 17 тамирчин хамрагдаж буй юм.
Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны хурлын танхимд “Токио-2020” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдад тэтгэлэг гардуулах ёслол зохион байгуулагдлаа. Ёслолд Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган оролцож, тэтгэлэгт хамрагдаж буй тамирчид, дасгалжуулагчид, спорт холбоодын төлөөлөгчдөд амжилт хүсэн, баяр хүргэв. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид нь Олон улсын олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн хороо, Спорт холбоотой дөрөвлөсөн гэрээ байгуулснаар дөрвөн сар тутамд тэтгэлэг хүртэх бөгөөд, нэг сард 250 ам.доллар, дасгалжуулагч 100 ам.доллар, спорт холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтад 38 ам.доллар хүртэх юм.
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БУЙ ТАМИРЧИД
- Жүдо - Д.Сумъяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар
- Буудлага - О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа
- Бокс - Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ, М.Намуун
- Чөлөөт бөх - П.Орхон, Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг
- Таэквондо - П.Тэмүүжин
- Хөнгөн атлетик - Д.Гантулга
- Байт харваа - Д.Мирослава
- Хүндийн өргөлт - М.Анхцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ