Б.Хаш-Эрдэнэ дэлхийн аварга боллоо
Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ өчигдөр ОХУ-ын нийслэл Москвад эхэлсэн билээ. 33 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа юм. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг гэсэн 10 жингийн урьдчилсан барилдаан болсон. Тэгвэл өнөөдөр үдээс хойш дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан болоход манай бөхчүүд нэг алт, нэжгээд хүрэл медаль хүртсэн байна. Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2014 оны оюутны ДАШТ-ий хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий хүрэл, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Бямбадоржийн Хаш-Эрдэнэ алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр Москвагийн дэвжээнд 1/4 шигшээд Швейцарийн Рэнди Вокыг 5:0-ээр, хагас шигшээд Ираны Мохаммад Намжомотлаг 6:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд Александр Медведь, Дмитрий Коркиний ОУТ-ий хүрэл медальт, эзэн орны якут бөх Дмитрий Аксеновыг 9:4-өөр тус тус ялсан юм.
Б.Хаш-Эрдэнэ манай улсаас чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон долоо дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, Сүхээгийн Цэрэнчимэд, ОУХМ Нармандахын Лхамгармаа, Оргодолын Үйтүмэн 2014 онд, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон, ОУХМ Ганбаатарын Отгонжаргал 2017 онд түрүүлж байв.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 70 кг-д 2017 оны “Mongolia Open” ОУТ-ий дэд аварга, энэ жилийн улсын аварга, ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж хүрэл медалийн төлөөх барилдаанд Сирийн Мазен Кадманиг оноогоор (10:0) цэвэр ялснаар шагналын тавцанд зогссон юм. Харин эмэгтэйчүүдийн 50 кг-д Н.Азжаргал, 53 кг-д өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Г.Отгонжаргал, 55 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Болор-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдав.
Хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг-ын жингийн урьдчилсан барилдаан явагдсан бөгөөд маргааш медалийн төлөөх барилдаан болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ