Уул уурхайн салбар улсын төсөвт нийт 694.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Уул уурхайн салбар энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт нийт 694.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.5 дахин их буюу 229.8 тэрбум төгрөгөөр өссөн дүн болж байна. Үүнээс хамгийн их хувь эзэлж байгаа нь алт байна.

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар “Алт 2” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-ны байдлаар 988 кг алт Монголбанкинд тушаасан нь өмнөх онтой харьцуулахад мөн л өссөн дүн юм. Аж үйлдвэрлэлд ч мөн өсөлт гарсан. Тодруулбал, нүүрс 14.9 сая тонн, зэсийн баяжмал 445.4 мянган тонн, алт 2.9 тонн байгаа бөгөөд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ 4.5 их наяд төгрөгт хүрсэн өсөлттэй байна.

Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын нийт 3,330 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үүний 1687 нь хайгуулын, 1643 нь ашиглалтынх байна" гэв.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт зүүн аймгуудад ажиллаж, уул уурхайн олборлолт явуулж буй компаниудын үйл ажиллагаата танилцсан талаар бид мэдээлсэн.

Энэ явцад тус бүсэд үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн уурхай эрчим хүчний хомсдолтой байсан тул цаашид Эрчим хүчний яамтай хамтран ажиллаж, Дорнод аймгийн ДЦС-ыг өргөтгөх шаардлагатай байгааг дурдав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ