ХСИС-ийн сонсогчид Азийн аваргад амжилттай оролцов
Самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж, жин жингийн аваргууд тодорлоо. 25 дахь удаагийн тэмцээнд Монгол, Казахстан, Туркменистан, Киргиз, Индонез, Бахрей, Тайвань, БНХАУ зэрэг 14 орны нийт 220 тамирчин өрсөлдөв. Энэ дэвжээнд Монголын хэд хэдэн бөх медалийн тавцанд гарч төрийн далбаагаа нь мандуулсан нь Хууль сахиулахын их сургуулийн сонсогч Х.Батхүрээ, Б.Өлзийбаяр, Б.Доржнямбуу нар байлаа.
Тодруулбал, тэмцээний байлдааны самбо бөхийн 68 кг-ын жинд Цагдаагийн сургуулийн 326 дугаар дамжааны сонсогч Х.Батхүрээ алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн бол залуучуудын ангиллын 48 кг-ын жинд Эрхзүй, нийгмийн ухааны сургуулийн 211 дүгээр дамжааны суралцагч Ө.Өлзийбаяр мөнгө, Хилийн сургуулийн 431 дүгээр дамжааны сонсогч Б.Доржням 74 кг-д хүрэл медаль хүртжээ.
Ази тивийн тэмцээнд сургуулийнхаа нэр алдрыг өндөрт өргөсөн сонсогчдыг ХСИС-ийн захирлын тушаалаар шагнасан бөгөөд Х.Батхүрээд “Спортын алдар”, Б.Өлзийбаярт “Тамирчны алдар” тэмдэг, Б.Доржнямыг “Хүндэт жуух” бичгээр шагнаж урамшуулсан байна. Сонирхуулахад, тус спортын төрөлд ХСИС-аас анх удаа Азийн аварга болсон нь Х.Батхүрээ юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ