Ц.Гомбосүрэн: Дэлхийн ‘болзошгүй хуваагдал’-ын үед Монгол Улс хэний ч талд орох ёсгүй
Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэнтэй ярилцлаа.
-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд төвшний ээлжит уулзалт ирэх сард БНХАУ-д болно. Шинээр сонгогдсонМонгол Улсын Ерөнхийлөгч анх удаа оролцох бололтой юм. Үүнтэй холбоотой юм болов уу, манай зарим хүн Монгол Улс ШХАБ-д элсэх цаг болсон гэх, зарим нь үгүй гэх. Энэ талаар таны байр суурь ямар байгаа вэ?
-За хө, би чинь гадаад харилцааны салбарт олон жилийн өмнө ажиллаж байсан, өнөөдөр бол тэтгэврийн хөгшин. Тэгэхээр тулхтай, үндэстэй байр суурь илэрхийлэх төвшний мэдлэг, мэдээлэл надад байхгүй. Гэхдээ чи голохгүй, чамлахгүй гэвэл иргэн Гомбосүрэнгийн хувьд бодлоо хэлж болох юм. Зарим хүн гэдэгт чи ямар албаныхүний хэзээ, хаана хэлсэн ямар мэдэгдлийг хэлж байна вэ?
-Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ШХАБ-д ажиглагч гишүүн явах нь Монгол Улсад хангалттай гэж хэлж байсан. Гадаад яам нь бэлтгэж өгсөн үү, Ерөнхий сайд УИХ-д үг хэлэхдээ “Монгол Улс ШХАБ-ын талаар тодорхой шийдэл гаргах цаг болсон” гэж хэлсэн. Бас нийтлэлч Баабар,улс төр судлаач Баярхүү зэрэг хүмүүс үзэл бодлоо илэрхийлсэн байна лээ, энэ тухай би асууна л даа?
-Тэр болгоныг би олжхараагүй юм байна. Хөндөж байгаа асуудлын тухайд гэвэл нэлээд өргөн хүрээтэй, алс хэтийг бодолцож харах шаардлагатай. Өнөөдөр шинэ маягийн хүйтэн дайн эхэлчихсэн. Хүйтэн дайн гэдэг маань дэлхий хуваагдмал болчихсон гэсэн үг. Хуучин бол гол нь үзэл суртлаар хоёр лагерьт хуваагдаж байсан. Харин өнөөдөр их гүрнүүдийн язгуур сонирхлын зөрчил дээр дэлхий үнэндээ хуваагдаж, хүйтэн дайны байдалтай болчихоод байна. Уг нь нэг их гүрэн давамгайлсан дэлхий бус, олон туйлтай дэлхий байх ёстой гэж олонхи улсүздэг, манай улс ч тийм бодлоготой, цаашид ч тийм байр суурин дээрээ байна гэж ойлгож байна. Түрүүчийн “хүйтэн дайн” дууссаны дараа чухамдаа дэлхийн бодлогод АНУ давамгайлж, улс төрийн бодлогын үүднээс хэрэг дээрээ нэг туйлт ертөнц бий болсон. Гэтэл олон туйл руу явах ёстой дэлхий маань тэр замдаа дахиад “хүйтэн дайн” руу орчихлоо. Их гүрнүүдийн янз бүрийн шалтгаантай зөрчлөөс болж халуун дайн ч тасрахгүй байна, “худалдааны дайн” шинэ далайцтай эхэлж байна, зэвсэглэлээр хөөцөлдөх явдал даамжирч, зэвсэг технологийн шинэ эрэмбэд гарч байна, хөндлөнгийн оролцоотойгоор зарим улс задарч, зарим улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал алдагдаж байна. Өөр ч сөрөг хандлагууд бий болж байгааг судлаачид бичсээр байх шиг.
-Олон туйлтай байх ёстой гэдэг чинь дэлхий ерөөсөө хуваагдмал байх ёстой гэсэн үг юм биш үү. Хэрвээ дэлхий ахин хуваагдвал Монгол шиг жижиг улс яах ёстой вэ?
-Дэлхий хуваагдчихаад байна гэдгийг шинэ “хүйтэн дайнтай” л холбон хэлж байна. Миний л ойлгодгоор, гол нь нэг улс ноёрхох ёсгүй, дэлхийд бодлогын олон төвүүд байх ёстой гэсэн л санаа.Саяын хэлсэн хандлагуудаас харахаар цаашдаа хорвоо дахиад эвсэл блок болж хуваагдах магадлал өндөр гэхээр байна. Хэрвээ дэлхийг ингэж эвсэл блокод хуваах үйл явц явж байгаа юм бол Монгол Улс аль талд нь орох вэ гэдэг асуулт аяндаа гарна.Өнөө мөрдөж байгаа гадаад бодлогын тулгуур баримт бичгүүдээхарвал Монгол Улс эвсэлд үл нэгдэх,олон тулгууртбодлого явуулах учиртай. Энэ нь ардчилсан хувьсгалын өмнөх 70 жилийн түүхээсээ авсан хамгийн чухал сургамжийн нэг.
-Дэлхий хуваагдлаа гэхэд энэ блокын нэг нь ШХАБ, түүний гишүүн орнууд байх бололцоотой юу?
-Эвсэл блок гэдгийг гол нь цэрэг-улс төрийн бүлэглэл гэдэг утгаар ойлгодог. Гэтэл ШХАБ нь цэрэг-улс төрийн эвсэл болохгүй, эдийн засгийн интеграцийн байгууллага биш гэж хэтийн стратегидаа заасан гэж манайхны нэг судалгаанд бичсэн байна лээ. Тэгвэл энэ ямар байгууллага юм бэ гэдэг асуулт гармаар. Ямартай ч энэ байгууллагын нэг зорилго бол АНУ-ын давамгайллыг эсэргүүцэх явдал гэдэг нь илэрхий. Энэ утгаар тэр “хуваагдмал” ертөнц бий болбол нэг сөргөлдөх “тал” нь ШХАБ мөн гэж би ойлгоно. Гэхдээ Энэтхэг, Пакистан хоёр элссэнээр энэ байгууллага улам ойлгомжгүй болсон юм шиг санагддаг. Найман гишүүнийх нь 4 нь цөмийн зэвсэгтэй, 4 нь цэвэр лалын хүрээний улсууд. За яах вэ, терроризм, экстремизм, сепаратизм гуравтай тэмцэх гэдэг утгаар эдгээр улсад нийтлэг зовлон бий. Эдийн засаг, соёл хүмүүнлэгийн гэхчилэн олон салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилт баримт бичгүүдэд нь байгаа. Одоогоор эдгээр чиглэлээр энэ байгууллагын хүрээнд юу хийгдсэн буюу хийгдэх нь нэг их тодорхой биш л байгаа болов уу.
-Та сая манай улс олон тулгуурт гадаад бодлоготой, эвсэлд үл нэгдэх номлолтой тухай ярилаа. Тэгээд дэлхий хуваагдаж байгаа энэ нөхцөлд хоёр хөрш маань манайхыг ШХАБ-д элс гэжшахдаг юм биш үү?
-Тиймэрхүү “зөвлөмж” байдаг уу гэвэл байсан. Энийг нь манайхан ШХАБ-ын ажил Монголгүйгээр, Монгол Улс гишүүн болохгүйгээр явахаа байчихсандаа тэгсэн мэт ойлгох хэрэггүй. ШХАБ бол 1990-ээд оноос эхтэй, өнөөдөр 20 жил болж байгаа, Монгол Улс том утгаар огт үгүйлэгдэхгүйгээр, өөрсдийнх нь үзэж байгаагаар, нэгэнт бүрэлдэж төлөвшсөн байгууллага. Цаашид ч тийм л байх биз.
-ШХАБ-д элслээ гэхэд манай улсад хожил, ашиг байхгүй юу?
- ШХАБ-ын 2025 оны стратеги гэж байдаг юм байна. Тэнд нь ШХАБ бол цэрэг улс төрийн эвсэл болохгүй, эдийн засгийн интеграцийн байгууллага болохгүй гэж заасан байдаг гэнэ. Тэгэхээр дахин хэлэхэд, энэ ямар байгууллага вэ? Ийм байгууллагын гишүүн нь боллоо гэхэд Монгол Улс юу хожих вэ? Ийм асуултад бид заавал хариулах ёстой.Манай улсын аюулгүй байдал бэхжих үү?. Олон улсын нэр хүнд өсөх үү? Хөгжлийн шинэ эх үүсвэр бий болох уу? Энэ мэт асуултад би бол эерэг хариу өгч чадахгүй. ШХАБ өнөөдөр бараг 8 гишүүн оронтой болж байна уу даа. Тэднээс бараг бүгдтэй нь манайх улс төрийн болон хамтын ажиллагааны гэрээтэй. Тэдгээрт хүний наймаа, терроризмын эсрэг, мансууруулах бодис тээвэрлэхийн эсрэг хамтран тэмцэх тухай заалт ч юм уу ойлголт байж л байгаа. ШХАБ-д элсэн элсээгүйгээс үл хамааран хоёр талын хамтын ажиллагааны ийм гэрээтэй.
Хэрвээ ШХАБ-д бидэнд хэрэгтэй бодлого, салбар байгаа бол ажиглагч-гишүүн орныхоо хэм хэмжээнд оролцоод явах бүрэн боломжтой. ШХАБ-д элсэхгүй байна гэдэг нь хоёр хөршөөсөө зожгирох гэсэн, эсвэл тэдэнд итгэхгүй байгаагийн илрэл огт биш. Үүнийг өнөөдрийн бидний хамтын ажиллагааны цар хүрээ тод илтгэнэ. Бид хоёр хөршийнхөө ямар ч хамтын ажиллагаанд саад хийхгүй, тэгж чадах ч үгүй. Харин гурван талаар хамтран ажиллавал хэн хэндээ ашигтай төслүүд байж болно. Тийм төслүүд ч нэг бус удаа яригдаж ирсэн, харин хоёр хөрш маань тэр тухайд яагаад ч юм өөр өөр байр суурьтай болж таараад байсан явдлууд бий.
-Тэгвэл элсэхгүй байлаа гээд алдах, хохирох юмманай улсад бий юү?
-Алдах юм харин байж болно. Манайхыг ШХАБ-д элсүүлэхийн цаанаманай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид “хардах” эрхтэй. Энэ бодлого маань манай хувьд улс төрийн төдийгүй түүнээс ч өргөн утгаар ямар чухал ач холбогдолтой билээ. Өөрөөр хэлбэл, бид тэр бодлогоо бүдгэрүүлж хэрхэвч болохгүй. Дахин хэлэхэд, болзошгүй “хуваагдмал” ертөнцөд бид хэний ч талд орох ёсгүй. Хоёр хөрш, гурав дахь хөршийнхөө бодлогын үзэл баримтлалаар явах ёстой.
-Хэрвээ манай улсын гурав дахь хөршийн бодлого суларвал Монгол Улсад ямар аюултай вэ. Ер нь гурав дахь хөрштэй байхын үнэ цэнийг Та юу гэж тодорхойлох вэ?
-Ер нь олон улсын харилцаан дахь Монгол Улсын байр суурь, нэр хүнд гэж нэг юм байдаг. Энэ нь бүс нутаг дахь манай мөн тийм үзүүлэлттэй нягт холбоотой, салгаж болохгүй ойлголт. Аль аль нь чухал, гэхдээ аль нь өргөн хүрээнд яригдаж байгааг ойлгоход түвэггүй. Улс төрийн утгаар гурав дахь хөршийн бодлогын үнэ цэнэ нь тэр.Үнэнийг хэлэхэд, Монголоосхамаарах хорвоогийн явдал гэж бараг байхгүй. Гэхдээ бид өөрийнхөө эрх ашгийг аль болохоор өргөн дэвсгэрт хамгаалж байхыг эрмэлздэг, тэр бодлого сүүлийн хорь, гучин жилд зөв зүйтэй, үр өгөөжтэйгөө харуулсан гэвэл цэцэрхсэн болохгүй биз.
-Монгол Улс ШХАБ-ын тухайд тодорхой шийдэл гаргах цаг болсон гэж Ерөнхий сайд чуулганд хэлсэн. Манайх ажиглагч гишүүн болоод арваад жил болчихсон учраас цаашид гишүүнээр элсэнэ гэдгээ албан ёсоор хэлэх, эсвэл ажиглагчийн статустайгаа явна гэдгээ дахин нотлох гэсэн санаа байж болох уу, тэгж хэлэх албатай юу, ер нь?
-Хэрвээ өмнөх байр сууриа өөрчлөхгүй бол тэгэх албагүй. Харин гишүүнээр элсэхээр шийдвэл тэр тухайгаа зохих түвшинд албан ёсоор мэдэгдэх ёстой л доо. Тийм асуудал хөндвөл манайх өнөөдрийнхөө хууль номын дагуу шийдэх байлгүй.Харин саяхан нэг сайтад “Монгол Улс ШХАБ-ын гишүүн болно гэж манай талаас хэлснийг Хятадын Гадаад хэргийн сайд уламжилсан” гэх маягтай юм бичсэн харагдсан. Тэр хэр зэрэг ортой юм бол доо? Манай янз бүрийн түвшний дарга нар Хятад айлчлаад байгаа, арай тэд хэлээгүй баймаар юм даа. Энэ бол УИХ-аар ил тод ярилцаж шийдэх ёстой асуудал гэж бодогдох юм. Тэгж ярилцсан тухай мэдээ сэлт дуулдаагүй шиг билээ дээ.Манайхан заримдаа бас их томоогүй юм ярьж, бичих юм. Манай улсаас хамаагүй сүүлд ажиглагч болсон Энэтхэг, Пакистан хоёр түрүүлээд жинхэнэ гишүүн болчихлоо гэж харамсаж ч байх шиг. Энэ чинь байр эзлүүлж медаль өгдөг олимпийн наадам биш шүү дээ.
-Тийм харамсалд эдийн засгийн утга нь илүү байх. ШХАБ-д элссэнээр манай улс том төслүүдэд оролцоно, тухайлбал, БНХАУ-ын “Нэг бүс-нэг зам”-ын оролцогч болох боломжтой гэж зарим хүн хэлдэг?
-Бид ШХАБ-д элсэхгүй, орохгүй явж байгаад эдийн засгийн хувьд юу алдчихсан бэ гэдгээ бодож олох ёстой. Миний бодоход, томоор алдсан юмбайхгүй. Жишээ нь, ШХАБ-ын өөрийнх нь хийсэн, хэрэгжүүлсэн эдийн засгийнтом төслүүд өнөөдөр хаана, юу байна вэ. “Нэг бүс-нэг зам” төслийн тухайд цаад агуулга нь эцсийн бүлэгтээ БНХАУ-ынэх захгүй их бараа, бүтээгдэхүүнд шинэ зах зээл нээх, одоо байгаа зах зээлийг тэлэх л бодлого шүү дээ, наагуур бодоход. Дахин хэлэхэд, аль нэг байгууллагад орох асуудал наймааны хэрэгсэл байж таарахгүй. Харин гурван талаар хэрэгжүүлж болох аль нэг төслийг хөршүүд маань манайхыг ШХАБ-ын гишүүн болох эсэхтэй холбож байгаа бол тэр нь шал өөр бодлогын илрэл гэдгийг хаа хаанаа ойлгох ёстой.
-Тэгвэл ШХАБ-д элсэх нь манай улс хөгжихөд шинэ боломж олгохгүй байх нь ээ, тийм үү?
-Би л лав шинэ боломж олж харахгүй байгаа. Учрыг сая хоёулаа нэлээд ярилцлаа. Ямар механизмаа ашиглаж чадахгүй буюу ашиглах аргаа олохгүй байгааг ч хэлсэн. Харин огт өөр “зовлон” болманайханд байдгийг би ойлгож байгаа.Сонгуулийн дүнгээрбайгуулсан УИХ, Засгийн газар, бас Ерөнхийлөгч богино хугацаанд тодорхой ажил хийх ёстой байдаг. Бүтээн байгуулах шаардлагаас үүдэн элдвийн шинэ эх үүсвэр хайх хэрэгтэй болдог.
Үүнээс болоод“ШХАБ гэж шинэ эх үүсвэр байна, тийшээ гишүүнээр орчихвол баахан мөнгө цутгаад л, Орос-Хятадыг холбосон хийн шугам Монголоор дайрах ч юм шиг, олон жил гацсан том төслүүд гэнэт хөдлөх ч юм шиг” боддог, ярьдаг тал бий. Хэрвээ тэгж сэтгэж байгаа бол эндүүрэл. ШХАБ бол гишүүн болохоор нь хадаг, яндар өргөдөг, зээл тусламж өгдөг байгууллага биш.Үгүй ядаж, ОУВС шиг байгууллага ч биш шүү дээ. Ажил хийх, бүтээх гэсэн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрыг ойлгож болно. Гэхдээ тэд тусгаар улсынхаа амин чанар, бие даасан гадаад бодлогын үнэ цэнийг хадгалсан бололцоотой эх үүсвэр, нөөц бололцоог л дайчлах ёстой бөгөөд тийм үүрэгтэй. Дотооддоо аж ахуйн асуудлыг голчлон захиргаадах аргын шийдвэр гаргахтай адилтгаж болохгүй.
-Бас нэг сөрөг асуулт байна. Бид хөршүүдээсээ давж дуугараад хаа холдох вэ, хөршүүдийнхээ дэмжлэггүйгээр яаж хөгжих вэ гэж үздэг хэсэг байна. Бас “Аливаа улсын гадаад бодлого газар нутгийн байрлалдаа захирагдана” ч гэж үг бий?
-Гадаад бодлого маань харин ч газарзүйн байрлалдаа захирагдаж гурав дахь хөрштэй байхыг хичээж байгаа юм. Байрлалдаа захирагдана гэдэг бол давуу талаа ашигла, бас сул талаа нөх гэсэн утга. Түүнээс бус, бүхнийг хажуу айлаасаа асуу,бусдыг бүү сонс үг биш л дээ. Орос, Хятад хоёртойхамтарч ажиллах, эдийн засгийн том төслүүдээ явуулах амин чухал сонирхол бидэнд бий. Энэ сонирхлыг хангах, асуудлыг шийддэг бүтцийг бид санаачилсан. Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт гэж. Үхмэл байгаа энэ механизмыг одоо амь оруулах хэрэгтэй. Өмнө нь хоёр удаа уулзсан, ийм тийм юм хийнэ гэж хорь гучин зүйлтэй протоколд гарын үсэг зурсан байх. Бүтсэн, хэрэгжүүлсэн юм юу байгаагмэдэхгүй. Энэ механизмаа амь оруулах нь бидний хувьд ШХАБ-ын гишүүн болно гэдгээс илүү амин чухал асуудал. Одоо бүр ч сайхан нөхцөл бүрдлээ. Ийм уулзалтыг манайх санаачилсан, дэмжсэн нь Си Зиньпин, Путин хоёр. Си Зиньпин хугацаагүй засаглахаар болж, хойно Путин дахин зургаан жил төр барих боллоо. Бид энэ сайхан боломжийг ашиглаж, санаачилсан механизмаа хөдөлгөж ажилладаг болгох ёстой. Юунытөлөө бодлогын залгамж чанар гэцгээдэг билээ дээ. Амьд болгохыг бас л бид санаачилж хөөцөлдөх учиртай, гурван талын оролцоотой бүтэц байгуулах хэрэгтэй ч байж магадгүй. Эсвэл одооныхоо гүйцэтгэх засаглалын бүтцэд ажил үүргийн оновчтой хуваарь гаргаж тэр ажлыг тодорхой хариуцах эзэнтэй болгох ч юм уу.
-Тийм бүтцийг Улаанбаатарт байгуулах шийдвэр гарсан санагдах юм?
-Тийм үү, тэгвэл нэг дарга нь цаасан дундаа хийгээд мартчихаж л дээ. Одоо олж сөхөж гаргаад амьдруулах хэрэгтэй. Жишээ нь, Шадар сайд Монгол-Оросын, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга байгаа байх. Тэр хүрээнд асуудлыг зохицуулж байя гэвэл ямар байх бол. Товчдоо, бид л тэр арга чаргыг олох гэж, түүнийгээ хөршүүдтэйгээ ойлголцох гэж ажиллаж, ямар нэг хувилбар олох нь зүйтэй юм шиг санагдана. Үүнээс гадна Евро-Азийн эдийн засгийн холбоо гэж байгууллага бий. Мөн бараг түүний Гаалийн холбоо гэж байдаг. Эдийн засгийн гадаад харилцааны шинэ боломж хайх үүднээс эдгээр байгууллагатай яаж хамтран ажиллах талаар бид сайн бодох хэрэгтэй байх. Евро-Азийн эдийн засгийн холбоотой чөлөөтхудалдааны хэлэлцээр байгуулах асуудал түрүүчийн Засгийн газрын үед яригдаж байсан санагдана. Тэр нь одоо шатандаа яваа бол доо. Хэрвээ ийм хэлэлцээр байгуулж чадвал Монголд тодорхой ашигтай болж таарна.
-Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар манайхан эдийн засгийн төслөө ярихаар нөгөө хоёр удирдагч нь бас л бидний шахдаг байж болох уу. Та нар эхлээд ШХАБ-д элсчих гээд л…
-Үгүй байх. ШХАБ гэдэг элсэхэд ямар нэгэн болзол тулгадаг байгууллага биш байлгүй. Тулгадаг бол ямар юмных нь нээлттэй, эрх тэгш байгууллага байх вэ дээ. Энэ байгууллагад гишүүн болбол гурван талын том төсөл хэрэгжих юм шиг ярьдаг хүмүүс манайд байдаг юм шиг. Тийм хүмүүс байгаа бол юуг ч наймаалцаж болно, мөнгө юуг ч шийднэ гэдэг үзэлтнүүд байж таарна. Гэтэл наймаалцаж болохгүй асуудал гэж бас байна шүү дээ. Үүнийг, ялангуяа манай улстөрчид сайн ойлгож байгаа гэж итгэж л сууна.
-Гурав дахь хөршийн бодлогыг сулруулах гэдэг нь гурав дахь хөршийн том хөрөнгө оруулалтыг Монголоос шахах сонирхлоор илэрч байж болох уу. Тийм хандлага байна уу,Та тийм зүйл анзаарч байна уу?
-Надад нэрлэх тодорхой баримт алга. Гэхдээ хар ухаанаар харахад илт анзаарагдаж байгаа. Америкууд төмөр замд орж ирэх гээд чадаагүй,“Пибоди” дэлхийн том компани нь манай нүүрс рүү орох гээд барсангүй. Манайхан Тавантолгойн төслөө хөдөлгөе гэхээр нэг хөрш маань “Манайх заавал орно” гэх. Нүүрсээ Япон, Солонгос руу гаргаж зарна аа гэхээр нөгөө хөрш маань “Манайхаар зөө” гэх. Далайд гарцгүй мэтээс эдэлж байгаа зовлон бидэнд бий. Түүнээс болж элдэв буулт хийх ч явдал байгаа. Тэгэхээс ч яах билээ. Бид нар яах вэ, маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгийг илүүд үзэхээс аргагүй болдог тал бий. Гэхдээ бизнесийн утга, эдийн засгийн агуулгаараа харилцан ашигтай, сонгодог дүрмийн хүрээнд хийсэн хамтын ажиллагаа байна уу, эсвэлтом нь дээрэлхэн томорч бага нь аргаа барж яваа харилцаа байна уу, үгүй юү гэдгээ зөв цэгнэж хэмжиж байх л чухал.
-Гэхдээ бид гурав дахь хөршийн бодлогыг хадгалах гэдэг нөхцөл дор эдийн засгийн ашиггүй гэрээ, бизнесийн хувьд ашиггүй хамтын ажиллагаагхүлээн зөвшөөрөх ёстой юу. Тухайлбал, Оюутолгой дээр ийм шүүмж их явдаг?
-Бидэнд харилцан ашигтай хамтын ажиллагаа хэрэгтэй нь үнэн. Гурав дахь хөршийн гэх нэрийн дор орж ирсэн үндэстэн дамнасан зарим компанийг мөлжигчидгэх шүүмжлэл байдаг. Манай юмыг авчихаад илүү ашиг авлаа, манай баялгийг буцааж бидэнд зарах гэлээ гэдэг ч юм уу. Гэтэл бид хорвоогийн шинэ дүрмийг ухаарах ёстой. Хорвоогийн шинэ дүрмийн хүрээнд аль болох бага алдаж наймаа хийхийг л эрмэлзэх ёстой юм. Бид бол гуйж байгаа буюу бөхийж байгаа тал гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Гуйлгаж байгаа нөхөр бол зарим талаар “гэдийнэ” Ер нь бүх шийдэл харилцан буулт хийсний үр дүн байдаг.
-Харин тэгж гэдийж байгаа нөхрийн оронд орж ирээд бидний өмнө бөхийж ажиллах хөрөнгө оруулагч байна гэж зарим хүн хэлдэг. Гэдийсэнд нь биш, бөхийсөнд нь өгье гэдэг?
-Та нарын өмнө бөхийж ажиллая гэж байгаа тэр нөхөр хаанахын хөрөнгө оруулагч байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Бодвол ойрхоны л нөхөд байх болов уу. Энэ хөөрхий бөхийж байгаа юм гээд байдгаа тэдэндбариад байвал улсын маань хараат бус байдал алдагдана. Стратегийн чухал асуудлаар нэг гүрнээс хараат байхгүй гэсэн номлолтой биз дээ, бид нар чинь.
-Тэгэхээр улсынхаа хараат бус байдлыг хадгалахын тулд баялаг дээрээ эдийн засгийн хувьд ашиг багатай буюу бага алдсан наймаа хийх үү, эсвэл эдийн засгийн хувьд илүү ашигтай гээд хараат бус байдлаа алдах хамтын ажиллагаа хийх үү гэсэн сонголт бидний өмнө байна гэсэн үг үү?
-Тийм, цаг үеийн маягтай, түр зуурын гэдэг утгаараашүү дээ.
-Жишээ нь, бид “Рио Тинто”-д Оюутолгойн баялгаа алдаж байж магадгүй. Гэхдээ үүний цаана гурав дахь хөршийн бодлого дор улсынхаа хараат бус байдлыг хадгалж үлдэж байгаа юм гэж хэлж байна, тийм үү?
-Энэ зууртаа шүү дээ. Баялаг бол дуусна, улс гүрэн бол мөнхөд байна гэсэн санаа. Нэг гүрнээс хэт хараат болохгүй гэсэн номлолоо баримтлах ёстойгэж байгаа ухаантай юм.
-Маргаашийнхаа өөхний төлөө өнөөдөр уушги идэхэд гэмгүй гэж хэлж байна, тийм үү?
-За тэгж ч ойлгож болно. Алдаатай наймаа хийх ёсгүй гэдэг бол маш зөв. Гэхдээ зоосны нүхээр харахдаа аль болохоор олон юм олж харахыг хичээх хэрэгтэй юм л даа. Ингээд хоёулаа завсарлая. Үг олдож байна. Ингэхэд, би тэгэх ёстой, ингэж болохгүй гэхчлэн элдвийг мэдэгч шиг баахан бурлаа. Чи бид хоёрын ярилцаж байгаа асуудал эгзэгтэй учраас болж өгвөл аль болохоор олон хүн санаа оноогоо хэлбэл зүгээрсэн. Түүнийг нь шийдвэр гаргагчид маань тунгаан авах гээхийн ухаанаар хандах ёстой гэж үзсэндээ энэ бүхнийг ярьж байгаа юм шүү. Дахин хэлэхэд, татвар төлдөг, баахан хуралд “оролцдог” нэг айлын хэн ч юм болох, эсэх л асуудал шүү дээ.
-За, дуусгая. Ярилцсан танд баярлалаа.
Г.Отгонбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ