Шүүхийг хэн хөдөлгөөд байна вэ
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргасан. Хорих 461 дүгээр ангид хоригдож буй С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хориог цуцалж батлан даалтад гаргах, хилийн хориг тавих тухай шүүгчийн захирамж гарснаас хойш ердөө хоёр цагийн дараа тэднийг эргүүлэн хорих шийдвэр гарчээ. Цагдан хориог цуцалсан шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ерөнхий шүүгч шүүгчийн захирамжийг цуцалж, цагдан хориог сунгасан байна.
Шүүх ч яах вэ, прокурорын эсэргүүцэлд тулгуурлаж шийдвэрээ өөрчилсөн юм байж. Харин прокурор юунд үндэслэж цагдан хорихыг ахин дахин шаардсан байж таарах вэ?
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагдан хорих арга хэмжээг хэрэглэх тухай:
14.9.1.Шүүх дараах үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана:
1.1.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан;
1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
1.3.гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
1.4.урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.(14.9)
Тэгэхээр нэгдүгээрт, С.Баяр нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг оролдсон уу?
Хоёрдугаарт, Шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч болон гэрч, сэжигтэн, гэмт хэрэг хамтран үйлдсэн этгээдийг дарамталсан, сүрдүүлсэн үү? Эсвэл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах гэсэн үндэслэл бүхий баримт мэдээлэл олсон уу?
Гуравдугаарт, Гэмт хэрэг дахин үйлдэх гэж байгаа тухай мэдээлэл прокурорын байгууллагад ирсэн үү?
Дөрөвдүгээрт, Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үү?
Хамгийн сүүлд буюу тавдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн үү? (Зөвхөн энэ тохиолдолд “яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж хуульд заасан байна. Авна гээгүй шүү, авч болно гэсэн) Энэ зүйл ангид хүний амийг санаатайгаар хөнөөсөн болон хүндрүүлэх заалттай бусад гэмт хэргүүд орсон байгаа. Харин албан тушаалын гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-8 жил.
Андуураагүй бол С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас анх баривчлан саатуулахдаа “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй” гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнээс хойш хоёр сар шахуу хугацаа өнгөрөхөд шинээр нотлох баримт олсон болон ялын зүйлчлэлийг өөрчилсөн тухай мэдээлээгүй.
Тэгвэл Эрүүгийн хуулийн 22-р бүлэг “Авлигын гэмт хэрэг” хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Тэгэхээр цагдан хориог цуцалсан шүүхийн шийдвэр үндэслэлтэй юу гэхээсээ цагдан хориог шаардаад байгаа прокурорын эсэргүүцэлд ямар үндэслэл байна вэ? гэдгийг эхлээд ярих хэрэгтэй болох нь.
Мөн хуульд “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй”. “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн байна. Гэтэл шүүх хурал болсон пүрэв гараг хүртэл яллагдагчдын өмгөөлөгчдийн хэлж байгаагаар С.Баяр, Ч.Сайханбилэг нар ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа мэдээгүй л сууж байна. “Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэдэг нь зөвхөн сэжиг таамаг, ямар нэг нотлох баримтаар тогтоогоогүй гэсэн үг.
Тиймээс цагдан хорих хугацааг тов тодорхой үндэслэл, шалтгаангүйгээр үргэлжлүүлэн сунгаж байгаа нь яллагдагч нарыг өөрөөр нь хэргийг хүлээлгэх гэсэн “Вышинскийн арга” хуулийн байгууллагад хэрэглэгдэж байна гэж хардахад хүргэж байна. Саяхан УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Хорих 461-р ангид очиж яллагдагч нартай уулзаад гарахдаа “Б.Бямбасайханаас нэг ч удаа байцаалт аваагүй, бусдаас нь 1-2 удаа л байцаалт авсан байна” гэж мэдээлсэн.
Үүгээр С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг гэм буруугүй гэж хэлэх гэсэнгүй. Харин гэмт хэргийг илрүүлдэг, шалгадаг хуулийн байгууллагын үйл ажиллагаа өөрөө хуульд нийцэж байх ёстой гэдгийг л сануулах гэсэн хэрэг. Хэрэв тэгэхгүй бол харин ч “хуулиас гадуур эрүүдэн шүүсэн” гэм буруу хуулийн байгууллага дээр эргээд бууж болох юм.
Иргэд шударга ёсыг нэхэх эрхтэй. Шүүх шударга ёсыг сахиулах үүрэгтэй. Шударга ёсонд хамгийн ойр байдаг хүмүүс бол шүүгч нар. Яагаад гэвэл шүүгч хэний ч өмнө ёслохгүй, толгой бөхийхгүй байж, хэнээс ч хамааралгүй хараат бусаар шийдвэрээ гаргах эрхтэй. Энэ бол тэдэнд л зөвхөн хуулиар олгосон эрх мэдэл. Прокурор мэдээж яллах тал учраас нэг талыг барьж, алдаа гаргаж болно. Харин шүүх түүнийг нь засаж залруулах ёстой. Гэтэл өчигдөр шүүх яагаад хоёрхон цагийн зайтай хоёр өөр шийдвэр гаргав? Хэн шүүхийг хөдөлгөөд байна вэ?
Б.Сэмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ