"Увс нуур" дэвжээний ойд "Алдар" спорт хорооны баг тэргүүлэв

Бөхийн “Увс нуур” гал үүсч хөгжсөний түүхт 20 жилийн ойн нэрэмжит чөлөөт бөхийн шилдэг найман багийн цомын төлөөх тэмцээн өнөөдөр Спортын төв ордны "А" зааланд боллоо. "Увс нуур" гал, МЧБХ хамтран зохион байгуулсан багийн (эрэгтэйчүүдийн 57, 65, 97, 125, эмэгтэйчүүдийн 55, 65 кг-ын жинд болсон) тэмцээний нээлтийн ажиллагаанд “Мюнхен-1972” олимпийн наадмын мөнгөн медальт, 1975 оны дэлхийн аварга, 1971, 1974 оны мөнгөн медальт, XX зууны бөхийн од, хөдөлмөрийн баатар, Монгол Улс болон ОХУ-ын гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Х.Баянмөнх, “Монреаль-1976” олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, “Мехико-1968” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин, ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, “Увс нуур” галын тэргүүн Д.Дорлигжав, гүйцэтгэх захирал Д.Цэрэнсамбуу, улсын арслан Ж.Хайдав, гавьяат тамирчин Б.Болд, З.Дүвчин, Н.Бүргэдаа, О.Бахыт, О.Пүрэвбаатар, Б.Гантогтох, О.Насанбурмаа, Б.Отгонбаяр, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Б.Батбаяр, Д.Төрмөнх, ОХУ-ын Тува улсын гавьяат тамирчин, улсын заан Д.Бумбаяр, ОУХМ Б.Намжим, Ж.Мөнх-Очир, Ц.Лхайжав, Н.Баярмагнай, “Мехико-1968” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Артаг, “Будапешт-1985” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Лу.Энхбаяр, залуучуудын Азийн аварга, ОУХМ, улсын заан С.Сүхбаатар агсны гэр бүлээс оролцсон юм. Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр бөхийн “Увс нуур” галын зүгээс Увсын цэнхэр хязгаараас олимп, дэлхий, тивийн дэвжээнд эх орноо төлөөлөн оролцож явсан бөхчүүд болон хүндэт зочид, чөлөөт бөхийн гавьяатуууд, ахмад тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулан өгсөн юм.

Шилдэг найман багийн тэмцээний “А” хэсэгт “Аврагч”, “Арслан”, “Аваргууд”, “Хангай хайрхан” клубүүд өрсөлдснөөс спортын мастер Ц.Гантөгс, Ч.Пүрэвбаяр дасгалжуулагчтай “Арслан” клуб гурван ялалтаар тэргүүлсэн. Харин ОУХМ Ш.Баянмөнх, Г.Амархүү дасгалжуулагчтай “Аврагч” спорт хороо хоёр ялалттай удаалж, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, ОУХМ Л.Энхбаяр дасгалжуулагчтай “Аваргууд” академи гурав, гавьяат тамирчин, дасгалжуулагч З.Дүвчин дасгалжуулагчтай “Хангай хайрхан” клуб дөрөвдүгээр байрыг эзлэв.

“В” хэсэгт “Алдар”, “Хасу-Мегаватт”, “Женко”, “Мэргэд хангай” клуб өрсөлдсөнөөс гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ОУХМ Д.Цогтбаатар дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо гурван ялалтаа өнгөлж, ОУХМ Д.Гомбодорж, Ц.Оюунболд дасгалжуулагчтай “Мэргэд хангай” клуб хоёр, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, спортын мастер Ж.Баярхүү дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” гурав, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб дөрөвдүгээр байрт орсон.

Алтан медалийн төлөөх барилдаанд гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Б.Хаш-Эрдэнэ, Г.Отгонжаргал, спортын мастер Т.Мөнгөншагай, М.Даваабанди, Т.Бэгзсүрэн нарын бүрэлдэхүүнтэй “Алдар” спорт хорооны бөхчүүд “Арслан” клубтэй 3:3-аар тэнцсэн ч армийн баг техникийн оноогоор илүүрхсэнээр тэмцээний аварга боллоо.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд ОУХМ Ө.Батзул, спортын мастер Б.Ариунболд, Х.Болортуяа, Б.Энхцэцэг, Б.Бадамдорж, дэд мастер Ц.Дамдинпүрэв гэсэн бүрэлдэхүүнтэй ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны бөхчүүд “Мэргэд хангай” клубийг 4:2-оор давамгайлсан. Зохион байгуулагчдын зүгээс хоёр багт хоёуланд хүрэл медаль, мөнгөн шагналыг олгосон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ