Цаначид марафон уралдаанаас зургаан медаль хүртжээ
ОХУ-ын Буриад улсын цанын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Максимаха” олон улсын марафон уралдаан энэ сарын 20-21-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол улсаас 31 тамирчин долоон дасгалжуулагч оролцсоноос цаначид марафон уралдаанд зургаан медаль, спринт уралдаанд шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ.
Цанын үндэсний шигшээ багаас ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ С.Дүүрэнбаяр, Спортын мастер Э.Ариунзул, ОУХМ А.Энхтуул нараас гадна цанын спортын шилдгүүд нас насны ангилалд хурд хүчээ сорин уралдсан байна. Марафон уралдааны эмэгтэйчүүдийн 30 км-ийн зайд ОУХМ Э.Ариунтунгалаг алтан медаль, спортын мастер Э.Ариунзул мөнгөн медаль, А.Энхтуул хүрэл медаль хүртсэн.
Мөн эрэгтэйчүүдийн арван км-ын зайд уралдсан спортын мастер А.Билгүүн алтан медаль, марафон уралдааны 20 км-ийн зайд уралдсан спортын мастер Д.Мөнх-Оргил мөнгөн медаль тус тус хүртсэн аж. “Максимаха” цанын олон улсын марафон уралдаан нь арав гаруй жилийн түүхтэй бөгөөд Байгал нуурын мөсөн дээр явагддагаараа онцлогтой аж. Харин манай улс гурван жилийн өмнө буюу 2015 оноос анх оролцож эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ