Боксын залуучуудын ДАШТ-д Б.Мөнгөнсаран өрсөлдөнө

Тайландын нийслэл Бангкокт боксын залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнэдгээр өдрүүдэд болж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Б.Мөнгөнсаран Хятадын боксчинг хожиж, дараагийн тойрогт шалгарснаар залуучуудын ДАШТ-д оролцох эрхээ авлаа.

Хятадын тамирчинг тус тэмцээнд түрүүлнэ гэж таамаглаж байсан ч Монголын тамирчинд хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн нь тус тэмцээний гол шуугиан болсон. Ийнхүү Монгол Улсын тамирчин Б.Мөнгөнсаран Унгарт болох ДАШТ-ий эрхээ авч чадлаа.

Мөн эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Э.Мичидмаа Вьетнамын тамирчин ялж, хүрэл медалийн болзол хангаад байна. Тэрбээр маргааш /2018.04.26/ Казахстаны тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдана.

Өчигдөр /2018.04.24/ эрчүүдээс 60 кг-ын жинд О.Тулга хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг Киргизстаны тамирчинтай хийж, ялалт авлаа. Манай тамирчин маргааш Энэтхэгийн тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдана.

Тайландын Бангкокт болж буй боксын залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-очир, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбат нарын удирдлага дор нийт есөн тамирчин өрсөлдөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ