Х.Баянмөнх: Намайг дарамтлах гэж байгаа бол гонжийн жоо. Би бөхийнхөө төлөө нүд аних хүртлээ тэмцэнэ

Монгол бөхийн холбоо тойрсон асуудлаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, XX зууны манлай бөх, Монголын үндэсний бөхийн Дархан аварга Хорлоогийн Баянмөнх байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ “Бөхийн холбоо гэдэг хөгшин, залуу бүх хүний нэгдэх ёстой байгууллага юм. Барилддаггүй хүмүүс ч нэгдэнэ.

Би ганц юу баримталж байгаа вэ гэвэл би өнөөдөр хичнээн настай болсон ч гэсэн, миний хамт зүтгэж байсан хүн бурхны оронд очсон яваа цаг ч гэлээ гэсэн би нэг л зарчим барина. Монголын ард түмэнд үнэн үг хэл. Худал үг хэлж болохгүй. Энэний төлөө би бүх насаараа явж байна. Би худал үг нэгийг ч хэлээгүй.

Сая зурагт хараад сууж байхад худал ярьж байна. Өнөөдөр Монгол бөхийн холбооны тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгочихсон. Өнөөдөр Шүүхийн шийдвэр биелүүлэхийн захирамж гарчихсан. Ийм газар үйл ажиллагаа явуулаад, хүн амьтны амь нас хүртэл эрсдээд яваад байна. Ийм танхай балмад юмыг ерөөсөө хүлээн зөвшөөрч болохгүй.

Намайг насны буянаа эдлээд сууж байх ёстой гэж хэлж байгаа. Огт үгүй. Миний оюун ухаан 10 жил шинжлэх ухаан, бөхийнхөө үйл хэрэгт зүтгэх чадалтай байгаа. Нас гэдэг хазаарлаж байдаг юм биш. Хүн төрөлхтөн өнөөдөр төрсөн өдрөөс үхэх хүртэл ажилладаг. Оюун ухаан мөнхөд байдаг. Тийм учраас энэ бол нийгмийн хөгжлөөс хоцрогдсон, мэдлэг муутай хүмүүсийн ярьдаг зүйл.

Сая Маналжав, Сайнбаяр гээд залуучууд бид бөхөө авч явна гэж ярьж байна. Үгүй ээ, залуу хөгшингүй авч явна. Тэр байдлаас эхлээд энэ нөхдийн үзэл санаа нь хүртэл таарахгүй байна. Энэ хоёр залуу бол миний отгон хүүхдээс дүү. Орж ирэхэд намайг хүндлээд, наашаа суу багш аа гэдэг юм уу, аваргаа гэдэг юм уу тийм юмгүй, бидний зөв гэж дайрч байгаа нь буруу. Буруу ойлголттой, буруу хүмүүжилтэй болсон нөхдүүд ингэж яваа юм.

Мөнхбат өнөөдөр бурхны оронд оччихлоо, маргааш Баянмөнх дуугай гэртээ суу гэж хэлж байгаа бол нийгмээс өөрөө ичээрэй. Хүний нийгмээс хоцорч байгаа юм шүү, бүдүүлэг байна шүү гэдгээ ойлгох хэрэгтэй.

Болоогүй, би одоо дахиад сургуульд сурах гэж байна. Юуны сургууль вэ гэвэл монгол бичгийн сургууль руу би орох гэж байна, тэр байтугай. Тэгж намайг дарамтлах гэж байгаа бол ер гонжийн жоо. Би бөхийнхөө төлөө нүд аних хүртлээ тэмцэнэ” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ