ХХААХҮ-ийн салбарт хоёр улс иж бүрэн түншилнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй айлчлал Монгол, Хятадын бизнес форумаар үргэлжилсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх форумын нээлтэд оролцож, үг хэлэхдээ хоёр орны эдийн засгийн харилцааг улам гүнзгийрүүлж, нэмүү өртөг шингэсэн, хөдөө аж ахуйн гаралтай, органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байгаагаа онцолцсон юм.
Бээжин хотноо болсон форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид 4,6 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 36 гэрээ, хэлцэл байгуулсан.. Ингэснээр хоёр орны аж ахуйн нэгжүүд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, байгаль орчин, уул уурхай, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Монгол, Хятадын бизнес форумын үеэр “Хүнс, хөдөө аж ахуйн салбар, хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаан болсон.
Салбар хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, хөгжлийн зорилт, хамтын ажиллагаа”-ны талаар илтгэл танилцуулсан юм. Тэрбээр, “Энэхүү айлчлалын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хоёр улс хамтын ажиллагаагаа батжин бэхжүүлж, иж бүрэн түншлэлийн хэмжээнд ажиллахаар харилцан тохиролцлоо” гэдгийг цохон тэмдэглэлээ.
Монголын ХХААХҮЯ, Хятадын Худалдааны яамтай жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, мэдээлэл солилцох, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх талаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Мөн Монгол Улсад махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх төслийн арилжааны гэрээнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, БНХАУ-ын Машин механизм, аж үйлдвэрийн корпораци (Sinoconst)-ийн удирдлага гарын үсэг зурлаа.
Түүнчлэн Монголын “Мах мийт” ХХК нь БНХАУ-ын “Анхуй Хуа Анфен Индастриал ХХК”-тай мах боловсруулах, мах нядлах үйлдвэр хамтран барих тухай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээ, Монголын Мах Импекс ХК нь “China certification and inspection group”-тэй Мах, махан бүтээгдэхүүн, тэжээл, боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг тус тус үзэглэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ