"Д.Мурат хоёр эхнэртэй байх магадлалтай"
УИХ-ын гишүүн Д.Мурат нь бэлгийн дарамт учруулсан талаар Баян-Өлгий аймгийн иргэн Б.Бахытгүл олон нийтэд мэдээлсэн. Энэ явдлын дараа Д.Мурат гишүүн Б.Бахытгүлд “гар хүрч”, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тул Эрүүлгийн хуулийн 11.6 дугаар зүйл ангийг үндэслэн түүнийг шалгаж байгаа аж. Энэ талаар Б.Бахытгүлийн өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулга авлаа.
-Б.Бахытгүл ямар үндэслэлээр Д.Мурат гишүүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан бэ?
-Д.Муратын янз бүрийн зураг олон нийтэд цацагдсан. Ер нь бол 2018 оны нэгдүгээр сараас уг хэргийг шалгаж эхэлсэн. Энэ явдал юунаас улбаатай вэ гэхээр миний үйлчлүүлэгч Б.Бахытгүлийг 2017 оны намар Д.Мурат зодсон байдаг. Б.Бахытгүлд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт ч бий. Ингээд энэ асуудлаар өргөдөл гаргасан. Энэ хэргийг нийслэлийн прокуророос бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэдэг үндэслэлээр шалгаж байгаа. Он гараад, нэгдүгээр сараас Д.Муратыг яллагдагчаар татсан.
-Одоо энэ хэрэг ямар шатанд байгаа вэ?
-Одоо бол хэрэг шүүхэд шилжих шатандаа байна. Энэ нь хөнгөн зэргийн гэмт хэрэг учраас хурдан шалгахыг шаарддаг. Эсрэг талын зүгээс хуулийн байгууллагын шалгалтыг аль болох удаашруулах хүсэл зорилго бий. Төрийн өндөр албан тушаалтан байгаа учраас янз бүрийн ашиг сонирхолтой зүйл илэрч болзошгүй гэж харж байгаа.
-Гомдол гаргаснаас хойш Д.Мурат гишүүнээс ямар нэг дарамт, шахалт ирсэн үү?
-Энэ хугацаанд Б.Бахытгүлд хандсан ил мэдэгдэх дарамт алга. Харин хэвлэл мэдээллээр захиалгатай материал цацуулах гэх мэт асуудал гарч байгаа.
-Д.Мурат гишүүн өөрөө мэдүүлэг өгсөн гэсэн. Түүний мэдүүлэгтэй та танилцсан уу?
-Хавтаст хэрэгтэй танилцсан. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах нь хориотой учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ерөнхийдөө бол мөрдөн шалгах ажиллагааны явц дуусах шатандаа байгаа.
-Олон нийтийн зүгээс Б.Бахытгүл, Д.Мурат нарын дунд дотно харилцаа байсан гэж хардаж байгаа. Энэ үнэн үү?
-Миний үйлчлүүлэгийн зүгээс ямар нэг бэлгийн харилцаа байгаагүй гэдэг байр сууриа илэрхийлж байгаа. Би үүнд нь итгэж байгаа. Харин Д.Мурат бэлгийн харилцаанд орохыг санал болгосон үйлдэл гаргаж байсан байна. Гэвч Эрүүгийн шинэ хуулиас “бэлгийн дарамт үзүүлэх” гэдэг зүйл заалт хасагдсан учраас шалгах үндэслэлгүй болж байгаа юм.
-Д.Мурат гишүүн тохиролцох санал тавьсан уу?
-Тийм санал тавиагүй. Харин бидний зүгээс хохирлын хэмжээ тогтоогоод, мөнгө нэхэмжилж байгаа. Нэлээд өндөр хэмжээний мөнгөн дүн нэхсэн. Мөнгөн дүнгийн хэмжээг үйлчлүүлэгчээсээ асууж байж хэлэх ёстой. Д.Мурат бол гэр бүлийн хувьд тогтворгүй хүн юм байна, Хятад улсын иргэнтэй гэр бүл болсон байж болзошгүй, хоёр эхнэртэй байх магадлалтай, диплом нь хуурамч байж магадгүй гэх мэт үндэслэлээр бид хардаж байгаа.
-Ямар үндэслэлээр хоёр эхнэртэй байж болзошгүй гэж хардаж байна вэ?
-Д.Муратын эхнэр нь Хятад улсын иргэншилтэй байснаа Казакстаны иргэн болчихсон одоо Алмата хотод амьдарч байгаа. Гэтэл одоо Монгол Улсын иргэнтэй гэр бүл байна. Хоёр гэрлэлттэй байх магадлалтай гэдэг хардлага бидэнд бий. Энэ асуудлыг шалгуулах эсэх нь манай үйлчлүүлэгчийн хүсэл зоригийн асуудал.
Хэрэв Д.Мурат гишүүн Хятад улсын иргэнтэй гэрлэсэн бол Хятадын хүргэнд тооцогдоно. Үүнээс гадна тэр хүн Баян-Өлгий аймагт “Шанагатын уурхай”-н лиценз эзэмшиж байна. Энэ ордын тусгай зөвшөөрөл хуулийн дагуу авагдсан эсэх олон асуудал бий. Хэрэв Д.Мурат гэм буруугаа хүлээхгүй бол дээрх бүгдийг шалгуулахыг үгүйсгэхгүй.
Т.Давааням
СЭТГЭГДЭЛ БИЧИХ