Зээлийн хүүг бууруулах боломж бидэнд бий юу?

Манай улс дэлхийд тэргүүлэх зээлийн хүүтэй. Энэ нь эдийн засгийн бодит өсөлтөд тушаа болж ирсэн, цаашид ч компаниудын тогтвортой үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө гэх оношийг дээр дооргүй хүлээн зөвшөөрөх болж. Улмаар зээлийн хүүг хуульчлан хазаарлаж, одоогийн төвшнөөс бууруулах санал санаачилгыг улстөрчид болоод мэргэжлийн эдийн засагчдын зүгээс цухалзуулах боллоо.

Уг нь Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 28 жил банкуудаа арилжааны буюу чөлөөт өрсөлдөөнд шилжүүлээд 20 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүрч буй зээлийн хүү буурах бус эсрэгээрээ өссөн. Үүнийг гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдлаас улбаалан эдийн засаг байсхийгээд л савалдагтай холбон тайлбарлах нь олон. Мөн Монголбанк, эсвэл Засгийн газар, цаашлаад УИХ-аас баримталж буй бодлоготой нялзаах нь бий.

Үе үеийн Засгийн газрын хувьд төсвийн цоорхойг хэрхэн нөхөх талаар толгойгоо гашилгаж ирсэн. Улмаар дотоодын зах зээлд өндөр хүүтэй бонд гаргах замаар арилжааны банкуудад 15-аас дээш хувийн хүү санал болгож ирсэн бол Төв банкны зүгээс төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Мөнгөний бодлогын хүүг мөн л 10 гаруй хувьд барьж ирлээ. Ийм нөхцөлд арилжааны банкны хүү 20-иос буух боломжгүйн дээр зээлийн шалгуураас хамааран банкны бус салбарт мөнгө хүүлэгчид хөлжсөн.

Өнөөдөр банкууд хамгийн багадаа жилийн 24 хувийн хүүтэй арилжааны зээл гаргаж байгаа бол банк бус санхүүгийн байгууллага 50 орчим, ломбардууд 80-100 орчим хувийн хүүтэй зээл санал болгодог. Түүнчлэн томоохон зах, худалдааны төвүүдийн худалдаачдад ямар нэгэн барьцаагүйгээр жилийн 120 хувийн хүүтэй зээл олгон сөхрүүлж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авдаг мөнгө хүүлэгч бүлэг бий болоод удаж байна.

Зээлийн хүүг бууруулах асуудал төр, засгийн төвшинд яригдаж эхлэхтэй зэрэгцэн эдийн засагт Төв банкны Мөнгөний бодлогын хүүг буурах хүлээлт үүсээд байгаа юм. Олон улсын нэр хүндтэй агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг үе шаттай нэмэгдүүлсэн бол хамгийн сүүлд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд гадаад нэр хүнд бүхий аудитын компаниар Монгол Улсын арилжааны банкуудын активын чанарт үнэлгээ хийлгэхэд, төлбөрийн чадварын хувьд “Монгол Улсын банкны салбар бүхэлдээ тогтвортой байна” гэж дүгнүүлээд байгаа. Энэ үед Төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлж зээлийн хүүнд нөлөөлөх боломжтой юм.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ