Туркийн гранпри тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гранпри тэмцээн дөрөвдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Туркийн Анталья хотод боллоо.

52 орны 344 жүдоч өрсөлдсөн “Анталья 2018” гранпри тэмцээнд Герман, Серб, Азербайжан, Иран, БНСУ, Монгол зэрэг олон орноос олимп, дэлхийн медальтай шилдэг жүдочид оролцсон юм. Энэ тэмцээнд Монголын эрэгтэй найман тамирчин өрсөлдөж гурван хүрэл медалийг хүртлээ.

Манай улсаас 60 кг-ын жинд Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн нар эхний өдөр медалийн болзол хангаад байсан бол өчигдөр /2018.04.08/ явагдсан хүнд жингийн барилдаанаас100 кг-д Л.Отгонбаатар хүрэл медалийн эзэн болсон.

Л.Отгонбаатар Бразил, Австрийн жүдочдыг ялж, ОХУ-ын Адамиан Арманд ялагдсан ч дагах барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Арментерозыг ялснаар медалийн төлөө өрсөлдөх боломжтой болсон юм. Түүнтэй ОХУ-ын Илясов таарсан бөгөөд манай бөх цэвэр ялснаар медалийн тавцанд зогссон.

'Анталья 2018' гранпри тэмцээний онцлох тамирчин бол олимпийн алт, мөнгөн медальт, ДАШТ-ийн хүрэл медальт Н.Түвшинбаяр байсан. +100 кг-д Н.Түвшинбаяр аварга эхний тойрогт хийлсэн ч Кубийн бөх А.Грандуд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Өнгөрсөн оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээс хойш олон улсын тэмцээнд оролцоогүй аваргын хувьд энэ оны олон улсын тэмцээнийг Туркээс эхлүүллээ.

Туркийн гранпри тэмцээнийг Косово улсын баг тамирчид гурван алтан медальтайгаар тэргүүлсэн бол ОХУ, Турк, Швед тус бүр хоёр аваргатай буцлаа. Гүрж, Азербайжан, Австри, Тажикистан, Португалын баг нэг алтан медаль авсан бол БНСУ хоёр мөнгө, нэг хүрэл, Монгол гурван хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.

“Анталья 2018” гранпри тэмцээнд 52 орны жүдочид өрсөлдсөнөөс 26 нь ямар нэгэн медаль хүртсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ