Н.Номтойбаяр: Сайд нарыг ажлаа хийж чадахгүй бол солих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай ярилцлаа.

-ЯАМНЫ ЖОЛООЧ НАМАР АВТО ОСОЛ ГАРГАСАН УУ, ГАРГАСАН-

-Засгийн газрын үйл ажиллагааны талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэж батлагдсан. Үүний хэрэгжилтийг огт тайлагнахгүй байна. Энэ хаврын чуулганаар тайлагнах ёстой. Өмнөх Засгийн газрын гишүүд тодорхой хэмжээнд тайлагнах хэрэгтэй юм. Одоогийн Засгийн газар юм хийж байгаагаа ч тайлагнах нь зүйн хэрэг. Түүний дараа ажил хэрэгч байдлаар дүгнэлт хийж, ажлаа хийж чадаж байна.уу, үгүй юу гэдгийг шүүн тунгаамаар байна.

-Дөрвөн сайдыг солих талаар мэдээлэл гараад байгаа. Танд ямар мэдээлэл байна вэ?

-Сайд нарыг ажлаа хийж чадахгүй бол солих хэрэгтэй. Өнөөдөр чуулган дөнгөж л эхэлж байна. Ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлээд намын Удирдах зөвлөл, бүлэг хуралдаад эхэлнэ. Асуудлуудаа ярина. Эрдэнэт, Оюутолгойгоос эхлээд улс төрд үүсч байгаа маш олон асуудал байна шүү дээ. Хамгийн гол нь УИХ-ын 45 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэрхэн хангаад байгаа юм бэ, эдийн засгийг эрчимжүүлэх, сэргээх хөтөлбөр гээд л Их хурлаас баталсан, бүгдээрээ цаас болж хувираад байна. Энэ олон хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газар яаж хангаж байгаа юм бэ. Тэр болгоныг нэг бүрчлэн үзмээр байна шүү дээ.

nomtoibayar-Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ өгч байгаа талаар мэдээлэл гарч байна. Та залуу гишүүний хувьд энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Алдсан, оносон гэж хэлэхэд хэцүү. Орооцолдсон гээд байгаа хэрэг нь шүүхээр тогтоогдоогүй байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тойргийнхоо сонгогчдыг төлөөлж, УИХ-д ажилласан. Тэдний тулгамдсан асуудлыг шийдэх чиглэлээр хэрхэн ажилласан юм бэ. Иргэд юу гэж үзэж байгаа вэ, би мэдэхгүй байна. Нэгэнт өөрөө бүрэн эрхээ түдгэлзүүлэх хүсэлт гаргасан бол ёсоор болгох л хэрэгтэй.

-Тантай холбоотой авто ослын хэрэг ямар шатандаа яваа вэ. Хууль, хяналтын байгууллагаас энэ асуудлаар мэдээлэл өгөхгүй хаагаад байгаа нь ямар юм бэ?

-Энэ асуудлыг холбогдох хүмүүсээс нь л асуу. Би авто ослын талаар хоёр удаа очиж мэдүүлэг өгсөн. Осол аваар болсон уу болсон. Би тэнд зорчиж явсан.

-Прокуророос энэ хэргийг хаачихсан юм биш үү?

-Би яаж мэдэх юм бэ. Холбогдох прокуророос нь асуу. Ном журмаараа явж л байгаабайлгүй. Яамны жолооч намар авто осол гаргасан уу, гаргасан. Надад байгаа мэдээллээр тэнд ямар ч буруутай зүйл байхгүй.

-Та өөрийгөө буруугүй гэж хэлж байна уу?

-Би авто ослын үеэр зорчиж явсан. Намайг буруутгамаар байгаа юм уу. Хэрвээ би мотоцикльтой явж байгаад мөргүүлсэн бол миний л буруу болох уу. Ямар өнцгөөс хараад байгаагаас шалтгаалах байх. Миний нэр холбогдсон болохоор мэдээлэл өгөхгүй хаагаад байна гэж та нар үзээд байгаа юм уу. Харин ч над руу зохион байгуулалттайгаар дайрч байгаа. Би зарим хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүхэд өгсөн. Цаашдаа ч өгнө. Ямарваа нэг байдлаар миний нэр хүндэд халдсан бүхий л байгууллагыг холбогдох хуулийнх нь дагуу шүүх, цагдаад өгнө.

-Та өмнө нь авто осол болсон нь үнэн гээд өөрөө мэдээлсэн. Түүнийг мэдээлсэн сэтгүүлчдийг та гүтгэсэн гээд гомдол гаргачихсан нь хэр зохистой үйлдэл вэ?

-Тэгсэн. Гэхдээ хуулийн фирмтэй ямар үйл ажиллагаа явуулах нь миний эрхийн асуудал.

nomtoibayar

-БИ ЯМАР НЭГЭН БҮЛЭГЛЭЛИЙН ГИШҮҮН БИШ-

-“Эрдэнэт” үйлдвэр болон Оюутолгойн гэрээний асуудлыг та хувь гишүүнийхээ зүгээс хэрхэн харж байна вэ?

-Эдгээр асуудлууд одоо олны анхаарлын төвд байна. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, аюулгүй байдал талаасаа ч тэр “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой төсөл өөрөө маш чухал. Төсвийн орлогыг бүрдүүлдэг томоохон газрууд байгаа. Энд нэр бүхий хүмүүс улс төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа тодорхой байдлаар эрх ашгийн зөрчил үүсгэсэн байж болох эрүүгийн гэмт хэргийн чанартай асуудлууд сонсогдож байгаа. УИХ-аас энэ чиглэлд ажлын хэсэг гарч, ажиллаж байгаа юм билээ. Бүлэг дээр ажлын хэсгийн мэдээллийг дэлгэрэнгүй авах зарчмын байр сууриа би өөрөө тавина.

-Та өөрөө тэр ажлын хэсэгт нь багтаж болоогүй юм уу?

-Ажлын хэсгийг чухам ямар шалгуураар бүрдүүлснийг би ойлгохгүй байгаа. Д.Дамба-Очир гишүүн ахалж байгаа юм билээ. Ажлын хэсгийг бүрдүүлэхэд өмнө нь энэ талаарх тооцоо судалгааг хийж байсан, гэрээ эрх зүйн мэдлэгтэй, мэргэшсэн гишүүдийг сонгох учиртай. Ажлын хэсгийн явцын мэдээлэл бас олон нийтэд ил болж байх ёстой.

-Саяхан “Монголын зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудыг шагнасан мэдээлэл цацагдлаа. Ер нь төрийн албаны тансаглал, хараат бус байдлыг бодлогоор зохицуулж болдоггүй юм уу?

-Төрийн албаны тансаглалыг үеийн үед ярьсаар ирсэн. Зайлшгүй зохицуулах ёстой асуудал. Би өнгөрсөн парламентын үед цөөнхийн бүлгийн дэд даргаар ажиллаж байхдаа энэ асуудалд тухайлан анхаардаг байлаа. Одоо ч засагдсан зүйл байхгүй. УИХ-ын болон Засгийн газрын гишүүд гадны орнуудад янз бүрийн зорилгоор айлчилсан хэвээр байна. Айлчилж, ажиллаж болно. Гэхдээ тэгж ажилласнаар ямар байдлаар боловсров, ажил хэрэг юу бүтээв гэсэн тайлан мэдээлэл хийдэггүйд л асуудал байгаа юм. Үүнийг бүр онцгойлон анхаарч үзэх ёстой. Эцсийн дүндээ татвар төлөгчдийн мөнгөөр л гишүүд, сайд нар гадагшаа явж байна. Явсан үр дүн нь гарахгүй бол зүгээр амралт, зугаалга болсон л гэсэн үг. Тиймээс ч би ийм асуудал дээр ихээхэн шүүмжлэлтэй ханддаг.

-Таны хувьд гадаад томилолтын үр ашгаа заавал тооцож, дүгнэдэг үү?

-Би сайдаар ажиллаж байх үедээ Япон Улсад дадлагажигч оюутан залуусыг илгээх асуудлыг ажил хэрэг болгох үүднээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын албан ёсны айлчлалын үр дүнд багтаж явсан. Мөн НҮБ-ынНийгэм, эдийн засгийн байнгын хороон дээр Монгол Улсыг төлөөлж, Засгийн газрын хүлээсэн үүрэг, цаашид хийх ажлын танилцуулгыг хийж оролцож байсан. Ийм хоёр айлчлалд явсан байдаг. Тодорхой байдлаар үр дүнгүүд гарсан. Тэгэхээр хүн бүр энэ мэтээр тайлбараа хэлмээр байгаа юм.

nomtoibayar

-Төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим хүмүүсийг барьж, шалгаж эхэллээ. Хууль, шүүхийнхэн асуудлыг үнэн зөвөөр тогтоож, шийдэж чадах болов уу. Эсвэл хэдхэн хүнээр “туг тахиад” бүлэглэлүүд тохироод өнгөрөх гээд байна уу. Та хэрхэн харж байна вэ?

-Холбогдох этгээдийн гэм буруутай нь тогтоогдвол шалгагдах ганцхан л нөхцөл байна. Тэр нь улс төрийн эрх бүхий албан тушаалтнууд хол байх нөхцөл. Бүлэглэлүүд тохирно гэдгийг ямар утгаар хэлээд байгааг чинь ойлгохгүй байна. Би ямар нэгэн бүлэглэлийн гишүүн биш. Эдгээр шуугиантай асуудал дээр надад улс төрчийн хувьд ч, бизнесийн хувьд ч хамаарал байхгүй. Энэ болон асуудалд улс төрийн эрх бүхий хүмүүс нөлөөлөхгүй байх боломжийг хангаж өгмөөр байна. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэж байсан хүний хувьд би тэгж хэлж байгаа юм.

-Албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг хөндөж эхэллээ. Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлтэд үг хэлэхдээ шүүгчдээр хөрөнгийг нь тайлбарлуулна. Тайлбарлаж чадахгүй бол хууль бусаар хөрөнгөжсөн гэж үзэж, хариуцлага тооцно гэсэн?

-Зөв, тэгэх л ёстой шүү дээ. Хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй шүүгчид битгий хэл өчнөөн олон улс төрч хүртэл байна. Хаанаас, яаж баяждаг юм бэ. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ шударгаар биччихсэн хүмүүс ч байгаа. Тэгсэн мөртлөө орлогын эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй маш олон албан тушаалтан, улс төрч байна шүү дээ.

Ж.Мядагбадам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ