Өсвөрийн сагсчид ОУ-ын тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо |FIBA|-ны ивээл доор жил бүр ХБНГУ-ын Берлин хотноо болдог “Eastern Cup” өсвөрийн ОУ-ын тэмцээнд Монголын ирээдүй болсон өсвөрийн сагсчид маш амжилттай оролцож хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл нийт дөрвөн медаль хүртлээ.
Тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-ны хооронд болсон бөгөөд манай улсаас 13-аас 16 насны эмэгтэй хоёр, эрэгтэй тав, нийт долоон баг оролцсоноос Монгол 3-р сургуулийн багш Д.Отгонбаатар дасгалжуулагчтай U13 насны эрэгтэй баг Германы багийг 42:31 харьцаатай буулган авч аваргын алтан медаль хүртэж амжилтын буухиаг эхлүүлсэн юм.
Тус насны ангилалд шилдэг тоглогчоор Т.Тэмүүлэн нэрлэгджээ. Харин Г.Ундрах дасгалжуулагчтай U15 насны эрэгтэй нэгдүгээр шигшээ баг Нидерландын шигшээг хожиж аварга болж шилдэг тоглогчоор Г.Дөлгөөн тодорсон бол Б.Өлзийбат дасгалжуулагчтай U14 насны эрэгтэй баг аваргын төлөө АНУ-ын багт эцсийн мөчид хожигдож мөнгөн медалийг хүртсэн юм.
Мөн эмэгтэй U14 насны баг хүрэл медалийн болзол хангажээ. Харин О.Буянтогтох дасгалжуулагчтай U16 насны эрэгтэй баг, Б.Үүрдсайхан дасгалжуулагчтай U15 насны хоёрдугаар шигшээ мөн охидын U16 насны шигшээ багууд шилдэг дөрөвт шалгарсан багтам амжилтыг үзүүлжээ.
“Eastern Cup” ОУ-ын тэмцээний бүх оддын холын зайн шидэлтийн аваргаар U15 насны хоёрдугаар багийн тоглогч Л.Мөнхтулга тодорсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ