Зүүн Азийн хөлбөмбөгийн АШТ Улаанбаатарт болно

БНСУ-ын Пусан хотод Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны есдүгээр конгресс болон Гүйцэтгэх хорооны 55, 56 дахь их хурал өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны өдөр боллоо. Хуралд Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар оролцсон байна.

Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоо цаашид бүс нутгийн нягт хамтын ажиллагаа, хөгжилд ихээхэн анхаарч ажиллахаар санал нэгдэж, үүнд чухал ач холбогдолтой E 1 буюу бүсийн аварга шалгаруулах тэмцээн, өсвөрийн U15 насны тэмцээнүүдийн энэ оны хуваарийг баталжээ.

Энэ үеэр бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах саналыг хэлэлцсэн. Ингээд Монгол Улс олонхийн санал авснаар бүсийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатны тоглолтуудыг зохион байгуулахаар болсон юм. Энэхүү тэмцээн ирэх есдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар болж, Монголын хөлбөмбөг сонирхогчид Ази тив, бүс нутгийн хөлбөмбөгийн өрсөлдөөнийг харах томоохон боломж нээгдлээ. Уг тэмцээнд хэчнээн орон оролцох зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй гарах аж.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр улиран сонгогджээ. Мөн энэхүү хурлаар Зүүн Азийн ХБХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль болж, БНСУ-ын хөлбөмбөгийн холбооны ероөнхийлөгч Мон Гю Чун сонгогдон ажиллахаар болсон байна. Тэрбээр 2018-2020 онд Зүүн Азийн хөлбөмбөгийг тэргүүлэн ажиллах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ