БНСУ-ын визний материал бүрдүүлэх журмаас өргөдөл, дансны хуулгыг яагаад хасав
Сүүлийн жилүүдэд манай улсаас БНСУ руу явах, жуулчлах иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Ялангуяа 90 хүртэлх хоногийн жуулчлалын визээр зорчигчид их байдаг ажээ. Солонгос руу гарахын тулд шөнөжин, өдөржин дугаарлан зогсож бүртгүүлдэг болсон билээ.
Өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон богино хугацааны 90 хоногийн аяллын (С-3-9) виз мэдүүлэгт бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтаас “өргөдөл” болон “дансны хуулга”-ыг хассан гэх мэдээлэл гарсан юм. Бид энэхүү мэдээлэл үнэн эсэхийг шалгахыг зорилоо.
Юуны өмнө бид Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэг буюу “Ти И Си Кей Эм” ХХК-ийн байранд очлоо. Тус компанийн ажилтнуудаас асууж тодруулах гэсэн боловч өнөөдөр мэдээлэл өгөх боломжгүй, маргааш ирээд дахин асуу гэсэн хариулт өгч хаалгаа барьсан юм. Харин үүдэнд дугаарлан зогсох иргэдээс тодрууллаа.
Иргэн Б.Ц: -Бид өөрсдөө өргөдөл бичих ёстой байдаг ч цаанаас 20 мянган төгрөг аваад бичээд өгчихдөг. Харин дансны хуулгын тухайд их ярвигтай. Тухайлбал, дансандаа 10 сая төгрөг оруулаад гаргалаа гэхэд хүүнд нь 50 мянгыг төлөх жишээтэй. Дансны хуулга авахуулаад мөнгөө буцааж авдаг гэсэн үг. Энэ бүхэн сүлжээний бизнес болоод хэрээслэчихсэн.
Материал бүрдүүлж, зөвлөгөө өгнө гэсэн иймэрхүү газруудыг хааж цэгцлэх хэрэгтэй байна. Дайны хажуугаар дажин гэж визний мэдүүлэгт оочерлох дугаарыг бас дамлан зарах хүмүүс олон болсон. Цаанаас регистртэй дугаар тараадаг ч регистр бичигдээгүй дугаарын хуудсууд авч ирээд регистр бичээд 70 мянган төгрөгөөр зарах жишээтэй. Нөхцөл байдал ийм л байна” гэлээ.
Дараа нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших хууль зүйн “Хан Мон лоу” товчооноос мэдээлэл авахыг зорилоо. Тус товчооны нэгэн ажилтнаас визний мэдүүлгээс өргөдөл болон дансны хуулгыг яагаад хассан, иргэдэд ямар давуу болон сөрөг талтай болохыг асуухад “Бид мэдээлэл өгөх боломжгүй. Элчин сайдын яамнаас гаргасан шийдвэр. Хичнээн хоногоор ийм шийдвэр гаргасан нь тодорхойгүй, бидэнд ч тодорхой мэдээлэл өгөөгүй. Удирдлагууд нь хуралдаад гаргасан шийдвэр” гэлээ.
Тус товчооны үүдэнд дугаарлан зогсох иргэнээс тодруулахад “Томоохон бизнес болон жижиг худалдаа эрхлэгчдийн хөрөнгийн гол баталгаа дансны хуулга буюу мөнгө орсон гарсан мэдээлэл байдаг. Өөрөөр хэлбэл, өдөр нь орсон орлогоо орой нь данс руугаа хийдэг шүү дээ. Үүнийг хасвал бидэн шиг худалдаа эрхлэгчид юугаар баталгаа хийж гарах болж байна. Өргөдөл гэдэг чинь тухайн хүний хамаг дотоод сэтгэл, мэдээллийг агуулж байдаг чухал зүйл. Яагаад ийм хоёр чухал зүйлийг хассаныг ойлгохгүй байна” гэлээ. Иргэд чухам ямар эерэг сөрөг талтайг ч үл ойлгон, өөр өөрсдийнхөөрөө таамаглан, басхүү бухимдалтай байна.
П.Урнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ