Ц.Даваасүрэн: Би өөрөө Д.Сугарыг АТГ-т шалгуулна

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр өчигдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөдУИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн уг асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар таныг нэр төрд нь халдсан хэмээн шүүхэд өгсөн ч нэхэмжлэлийг нь шүүхээр хэрэгсэхгүй болголоо. Яагаад таныг нэр төрд халдсан гэж үзэх болов?

-Үндсэн хуулийн Цэц УИХ-ны гишүүний халдашгүй байдлыг цуцалсан шийдвэр гаргасан. Үүнд “Үндсэн хуулийн Цэцийн гишүүн өөрсдийгөө хамгааллаа. Тухайлбал, удаа дараа асуудалд холбогдсон Д.Сугар гэж хүн байна” гэж би хэлсэн. Би өөрт байсан нотлох баримтуудыг үндэслээд хэлсэн. Ер нь олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хүнтэй холбоотой асуудал олон жил яригдаж байгаа, ганцхан би хэлсэн юм биш. Энэ хүн анх 2014 оноос эхлээд ЦЕГ-т шалгагдаж байгаад АТГ-т шилжсэн. АТГ “УИХ энэ хүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авч өгөөч” гэсэн саналыг тавьж байсан.

Ямар нэг асуудалбайсан болоод хуулийн байгууллага дээрх хүсэлтийг тавьсан байгаа. Энэ талаас нь харж шүүх дээрх шийдвэр гарсан гэж бодож байна. Д.Сугар ийм олон асуудалд холбогдчихоод санаа нь зовохгүй яваад байгаад би гайхаж байгаа юм. Санаа нь зовохгүй байна гэдэг чинь энэ хүний мөн чанарыг харуулж байгаа. Ийм хүмүүс төрийн чухал албан тушаал дээр очиж байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Энэ хүний Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа тавдугаар сард дуусгавар болно. Энэ үед нь би өөрөө АТГ-т асуудлыг барьж очоод шалгуулна. Прокурор энэ асуудлыг хаасан. Яагаад асуудалд холбогдоод байхад прокурор хаагаад байна.

dawaasuren

-Цэцээс Д.Сугарын бүрэн эрхийн хугацааг үргэлжлүүлэн сунгаж магадгүй гэсэн яриа байгаа?

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг УИХ томилдог. Хэрвээ асуудалд холбогдсон хүнийг УИХ буцаагаад томилвол утгаа алдана.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүд асуудалд холбогдох явдал удаа дараа гарч байна. Үүний шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Хууль эрхзүйн орчин цэвэр тунгалаг байх эсэх нь УИХ, Үндсэн хуулийн Цэцээс шалтгаална. Дээрээ хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй гэдэг Үндсэн хуулийн Цэц маань өөрөө бохирдоод, бие биенээ хамгаалаад, хуулийн дагуу ажлаа хийхгүй байна. Энэ хүнийг санал болгосон байгууллагууд байдаг. Тэд нь анхаарч, татах асуудлыг хөндөх хэрэгтэй.

-Тавантолгойн цахилгаан станц баригдахгүй, маргаантай хэвээр байна. Яагаад энэ ажил хэрэгжихгүй гацсан бэ?

-Яагаад гэвэл хууль зөрчсөн учраас цуцлагдсан. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т “Дөрвөн жилийн дотор Монгол Улсаас эрчим хүчээ авна” гэсэн заалтыг түдгэлзүүлсэн. УИХ-аар батлагдсан гэрээнд өөрчлөлт оруулбал заавал УИХ-тай зөвшилцөнө. Нөгөө талаасаа ажлын хэсэг яаман дээр томилсон байгаа. Хөрөнгө оруулагч тал “Оюутолгой” компанитай яриа хэлэлцээ эхлүүл, тодруул гэсэн.

-“Оюутолгой” компани орд дээрээ цахилгаан станц барих асуудлыг судалж байгаа гэжмэдэгдсэн. Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээг зөрчих үү, дотоод асуудлаар зохицуулагдсан уу?

-Хөрөнгө оруулалтын гэрээгээр гурван нөхцлийг зааж өгсөн байгаа. Нэгдүгээрт, Оюутолгой өөрөө цахилгаан станц барьж болно. Хоёрдугаарт Монгол Улсын станцаас эрчим хүчээ авч болно. Гуравдугаарт, Монгол Улсынгуравдагч этгээдээс авч болно” гэсэн гурван нөхцөл байгаа. Одоогоор Солонгосын тал хөрөнгө оруулалт хийх яриа хэлэлцэлтэй байгаа юм билээ. Солонгосын тал хөрөнгө оруулагч “Рио тинто”-той ярилцаж, санхүүгийн баталгаа шаардсан зүйл байж магадгүй.

dawaasuren

-Ховдын Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын талаар тодруулахгүй юу?

-Ховдын Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцад бид тэргүүлэх ач холбогдол өгч байгаа. Яагаад гэвэл эрчим хүчний станцын тохируулгатай холбоотой. Өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний нар, салхин дээр үүсээд байгаа хүндрэлийг шийдвэрлэхэд нөлөөтэй. Одоогоор Европын сэргээн босголтын банк ТЭЗҮ хийж, энэ чиглэлээр ажиллаж байгаа. Өмнө нь урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн.

-Ирэх жилээс нүүрсийг хориглосон. Тэгэхээр энэ тал дээр яамнаас ямар ажил хийх вэ?

-Бид агаарын бохирдлыг бууруулах талаар хоёр чиглэлээр оролцоно. Эхнийн нь 4 кВт-ын хүчин чадалтай хуримтлуулсан халаагуурыг 50 мянган айлд ашиглах боломжийг бүрдүүлж өгнө. Одоо айлуудын хэрэглэж байгаа халаагуур 1-1,5 кВтхэрэглээ залгах боломжтой.

Мөн шахмал түлш буюу утаа бага гаргадаг коксжсон түлшийг үйлдвэрлэх асуудлыг анхаарна. Энэ чиглэлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, үйлдвэр барих асуудлыг шийднэ. Нэг хэсгийг нь хувийн хэвшлээр хангуулж, тодорхой хэсгийг улсын үйлдвэрийн газрууд хангана.

-Гэр хорооллын шөнийн тарифыг тэглэснээр улс хичнээн төгрөгийн татаас төлж байна вэ?

-Гэр хорооллын шөнийн тарифыг тэглэснээр 8 тэрбум төгрөгийн татаас төлж байгаа.

Ц.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ