ОУХМ А.Зул тэшүүрийн оюутны ДАШТ-д 14 дүгээр байр эзлэв

Беларусын Минск хотно тэшүүрийн оюутны ДАШТ өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөлөө. IV дэх удаагийн ДАШТ-д 20 орны 100 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Монголын хоёр тамирчин амжилттай оролцсон юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 5000 метрийн зайд А.Хосбаяр 19 дүгээр байрт оржээ. Тэрээр үүнээс гадна гурван зайд уралдсан бөгөөд 500 метрт 23, 1000 метрт 27, 1500 метрт 26 дугаар байрт орсон байна.

Харин эмэгтэйчүүдийн 500 метрт ОУХМ А.Зул 14 дүгээр байрт хурдалсан нь Монголын тэшүүрчдийн энэ удаагийн тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт боллоо. А.Зул үүнээс гадна 5000 метрт уралдсан боловч амжилтыг нь тооцоогүй аж.

Баг тамирчид Хандгайтад байрлах тэшүүрийн мөсөн талбайд тэмцээний өмнөх бэлтгэл сургалтаа хийсэн байна.

А.Хосбаярын хувьд энэ тэмцээн нь анхны олон улсын тэмцээн байсан юм. Тэгвэл ОУХМ А.Зулын хувьд 2014 онд Казакстаны Алмата хотноо болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах II удаагийн тэмцээн, 2017 оны хоёрдугаар сард мөн Алмата хотод болсон Дэлхийн оюутны Өвлийн 28 дугаар Универсиад их наадамд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан, туршлагатай, ирээдүйтэй тамирчин юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ