Какүрюү М.Ананд түрүүлэх болзлоо хангалаа
Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээнд ёкозүна Какүрюү М.Ананд түрүүлэх болзлоо хангалаа.
Какүрюү өчигдрийн барилдаанд озэки Гойдог давснаар 13 даваа, нэг унаатай болж өнөөдрийн барилдаанаас үл хамааран эзэн хааны цомыг хүртэх гэж байна.
Түүний араас хамгийн ойр даваатай яваа бөх бол маэгаширагийн 6-с барилдаж буй Кайсэй байсан. Какүрюү, Кайсэй нар 13 дахь өдрийн барилдаанд оноолт таарахад ёкозүна давснаар түүнээс хоёр даваагаар илүү болсон юм.
Ёкозүна Какүрюү М.Ананд сүмогийн дээд зиндаанд дөрөв дэх удаагаа түрүүлэх гэж байна.
Хаврын башёг ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Кисэносато нар өнжсөн. Тиймээс түрүүлэх магадлал өндөр бөх бол ёкозүна Какүрюү М.Ананд юм. Тэрбээр хамгийн сүүлд 2016 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд түрүүлж байжээ. Энэ бол түүний гурав дахь түрүү байсан. Какүрюү өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлэх боломж байсан ч тэмцээний сүүлийн өдрүүдэд баруун хөлийн шагайгаа гэмтээсэн. Улмаар башёгийн сүүлийн өдрүүдэд тааруу барилдаж, дараалан дөрвөн өдрийн барилдаанд ялагдан Гүржийн Точиношин түрүүлэх боломжтой болсон юм. Какүрюү башёг өнгөрөөгөөд хоёрдугаар сарын 1-нд мэс засалд орсон.
Хэдийгээр хаврын башёг хоёр аварга бэртлийн улмаас өнжсөн ч Какүрюү аварга хүний зангарагыг харуулан түрүүлэх болзлоо сүүлийн өдрийн барилдаанаас үл хамааран хангалаа.
Какүрюү өнөөдөр озэки Такаясүтэй барилдана.
Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров 9 даваа, 5 унаатай болсон бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан нар 8 даваа авч тавин хувийн амжилтаа үзүүлж чадлаа. Харин Араваши Э.Дөлгөөн 2 даваа, 12 унаатай болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ