Хатан Туулын бургасыг хядаж, тансаг зэрэглэлийн ордон “БАРИНА”
Хатан туул 700 гаруй км үргэлжлэн Улаанбаатарчуудаар зогсохгүй таван аймгийн 37 сумын хүн, малыг ундаалдаг Монгол орны томоохон гол мөрний тоонд ордог гэдгийг мэдэхгүй хүн цөөхөн болов уу. Гэтэл сүүлийн хэдэн жил Туул гол зуны хур бор бороотой арай хийн золгож амьтай үгүйтэй урсдаг боллоо. Хэд хоногийн өмнөөс Туул голын бургасан дунд олгосон газрын кадастр зурагнууд олны бухимдалыг ихээхэн төрүүлж байна.
“Time square”, “River garden” гэх хотхонуудын ертөнцийн баруун талд Зайсангийн гүүр хүртлэх бурагсан ой бүхий газрыг хэн нэгэн эрх мэдэлтэн өөрийн мэдэлдээ оруулжээ. Төд удалгүй эндэхийн бургасыг юу ч үгүй тайрч “Хатан Туулын хөвөөнд баригдсан тансаг зэрэглэлийн орон сууц захиалгаа авч байна” гэсэн зар сурталчилгаа чихэнд сонсогдоно биз. Бид энэ талаар БОАЖЯ, Туул голын сав газрын захиргаанаас тодруулахад тодорхой хариулт өгөх нэг ч хүн байсангүй.
Нийслэлийн ганц өндөрлөг цэг болох Зайсан толгой, түүнээс урагш Туул гол, хойших Богд уул хүртэлх газар эрт урьд цагт тусгай хамгаалалттай газар нутаг байлаа. Одоо ч тусгай хамгаалалт нь хэвээр боловч тансаг орон сууц, хаусын хороолол бүхий суурьшлын бүс болсон.
Дийлэнх нь “Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Усны тухай”, “Ойн тухай” гээд олон хуулийг зөрчсөн ч өмнөх эрх баригчдын олгосон хууль бус захирамжууд хуулиас гадуур үйлчилж байсан нь энэ хэдэн жилийн хугацаанд бодит баримт болон үлдсэн. Ийм газар, барилгууд эдгээрээр дуусаж, Туул гол маань ядаж бургасан ойгоороо хамгаалуулан сугарч үлдсэн хэмээн бодож байлаа. Гэтэл хууль бус захирамжийн балаг өнөөдрийг хүртэл үргэлжилсээр Туул голд заналхийлсэн хэвээр байна.
-ХАТАН ТУУЛЫН ХӨВӨӨНД ТАНСАГ ХАРШ БАРИАД АМЬДАРЧ БУЙ
ИРГЭД ҮР ХОЙЧОО БОДДОГ УУ-
Уг нь монголчууд бид чинь дэлхийд газар нутгийнхаа хэмжээгээр 18-т ордог. Нэг хүнд нэг километр квадрат орчим газар оногддог гэдэг. Хотын төв орчим давчуухан болж зүү орох зайгүй шахам өндөр өндөр барилгууд хэдхэн жилийн дотор сүндэрлэсэн нь үнэн. Төр засаг гэр хорооллыг барилгажуулна, Улаанбаатарыг утаагүй болгоно гээд яриад л байгаа. Гэвч гадаргын ундны усны нөөц, эко системд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг Хатан Туулынхаа бургасыг хядаж тансаг зэрэглэлийн байшин барих тийм давчуухан Монгол болчихсон гэж үү.
Туулын хөвөөнд тансаг харш бариад тухлаж суугаа иргэд олон. Тэд өнөө маргаашийг бодохоос биш үр хойчоо бодож үзсэнгүй. Нийслэлчүүдийн цэвэр усны эх ундарга болсон Туул голоо ширгэх аюулд хүрснийг ухаарах цаг аль хэдийнэ болсон баймаар. Гэтэл “Туулын хөвөө” хэмээн хошуурцгааж, байгаль сүйтгэгч үе үеийн дарга бизнес эрхлэгчдийн халаасыг түнтийлгэсээр байгаа нь даанч харамсалтай.
Монголчууд бид жил бүрийн хавар, намартаа бүх нийтээрээ хэдэн мянган мод тарьдаг ч ургадаг нь цөөхөн. Тиймээс байгалийнхаа жамаар ургачихсан бут, сөөг, бургас, улиасаа хөндөхгүй орхичихвол хойч үед минь л хэрэгтэй юм даа. Ус чандмань эрдэнэ, амьдралыг тэтгэгч гэж үеийн үед ярьсаар ирсэн. Харин энэ үгний үнэ цэнийг тэр бүр ухаж ойлголгүй, ярих төдий л явсаар. Тиймдээ ч ниргэсэн хойно нь хашгирав гэдэг болж Туул гол хүн хэмээх адгууснаас ч дор амьтадаас амь гуйсаар л...
М.Амаржаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ