Хамгийн өндөр орлоготой ШҮҮГЧИД

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн 2016, 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан ёсны сайтдаа байршуулжээ. Уг хөрөнгө орлогын мэдүүлэгт шүүгч нарын жилийн орлого болон орон сууц, машин, гэр бүлийн нийт орлого зэрэг хөрөнгө орлоготой холбоотой бүхий л мэдээллийг хавсаргасан байна.

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаярын нийт орлого 248 сая 392 мянган төгрөг.Тэрээр “Land Rover” нэг, “Range Rover” нэг,”Toyota Highlander” нэг, “Toyota Land Cruiser 70” нэг, “Nissan Murano” нэг буюу нийт таван автомашинтай, дөрвөн орон сууцтай гэж мэдүүлжээ.

Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурийн нийт орлого 149 сая 921 мянга төгрөг бөгөөд өндөр орлоготой шүүгчдийн тоонд багтаж байна. Тус шүүхийн шүүгч Д.Ганзориг “Lexus 470” нэг ,”Toyota, Land Cruiser 80” нэг, “Toyota Prius” нэг, “Газ 66” нэг буюу нийт дөрвөн автомашинтай бол шүүгч Л.Атарцэцэг дөрвөн орон сууц, шүүгч Б.Батцэрэн дөрвөн орон сууц, шүүгч Ч.Тунгалаг, Х.Сонинбаяр нар тус тус дөрвөн орон сууцтай гэж мэдүүлжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүгч Н.Долгорсүрэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ зургаан орон сууцтай хэмээн мэдүүлсэн нь бусад шүүгчдээс хамгийн олон орон сууцтайд тооцогдож байна.

Дүүргүүдийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын дунд бусдаасаа өндөр орлоготой шүүгчдийн тоонд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг 115 сая 200 мянган төгрөгийн орлогоороо багтжээ. Мөн шүүгч Ж.Эрдэнэчимэгийн нийт орлого 139 сая 131 мянган төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдарын нийт орлого 114 сая 985 мянган төгрөг байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаярын нийт орлого 137 сая 118 мянган төгрөг ажээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандахын нийт орлого 154 сая 768 мянган төгрөг бол Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулууны нийт орлого 137 сая 21 мянган төгрөг байна. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүгч Д.Оюумаагийн нийт орлого 159 сая 92 мянган төгрөг аж.

Орон нутагт Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэлийн нийт орлого 105 сая 936 мянган төгрөг бөгөөд бусад орон нутгийн шүүгч нараас харьцангуй өндөр дүнтэй байна. Орон нутгийн шүүгч нараас хамгийн олон орон сууцтай буюу таван орон сууцтай хэмээн хөрөнгө орлогодоо мэдүүлсэн нь Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сугар байв.

Т.Батсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ