БНХАУ-ын хөрөнгө оруулагчид алтны салбарыг сонирхож байна
''Монгол алт-2018'' чуулган уулзалт өнөөдөр /2018.03.15/ эхэллээ. Тус хурал өнөөдөр, маргааш үргэлжлэх юм. Энэ удаагийн хурлыг Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо болон Монголын уул уурхайн бирж хамтран алтны салбарт тулгамдаж байгаа бэрхшээл, шийдвэрлэх арга зам болон хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.
Алтны салбарынхан нэгдэж таван жилийн хугацаанд хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсний үр дүнд жилд гурван тонн хүрэхгүй байсан алт олборлолт 2017 оны байдлаар 20 тоннд хүрсэн том амжилттай байна.
Тиймээс цаашид алт олборлогчдын зүгээс хайгуулын лицензийн зөвшөөрлийг олгох, аж ахуй нэгжийн орлогын татварын хуульд өөрчлөлт оруулах, “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг төрийн бодлогод тусгах зэрэг саналууд байгааг онцолж байсан юм.
Мөн энэ чиглэлд БНХАУ-ын Алтны холбоотой хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бий болгох зэрэг олон тулгамдсан асуудал байгааг хэлж байлаа. Тус хуралд ОХУ, БНХАУ, Араб зэрэг орнуудын хөрөнгө оруулагчид оролцож, байгаа аж.
Хамгийн сүүлийн мэдээллээр хайгуул 1696, ашиглалтын 1630 буюу нийт 3326 зөвшөөрөл байна. Үүнээс алт нь 550, бусад ашигт малтмалын зөвшөөрөл 1080 байна. Сүүлийн жилүүдэд шороон ордын нөөц багасч байгаа учраас үндсэн ордуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, эхлүүлэх ажлыг хийх ёстой гэдгийг онцлов.
Цаашид дэлхийн зах зээл дээр алтны үнэ тогтвортой, бага зэрэг өсөлттэй байх төлөвтэй байна. Тиймээс татварын орчныг сайжруулах, тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх, үндсэн ордуудыг ашиглалтад оруулах боломжуудыг Ашигт малтмалын газраас эрэлхийлж байгаа гэдгийг танилцуулж байлаа.
БНХАУ-ын Алтны холбооны гүйцэтгэх захирал Жан Юн Тао "Монгол Улс бол манай улстай хөрш буюу газар нутгийн хувьд ойрхон байгаа нь хөрөнгө оруулалт хийхэд таатай нөхцөл гэж харж байна. Ирэх долдугаар сард БНХАУ-ын Алтны холбоо болон Олон улсын алтны холбоотой хамтран алт салбарын томоохон хурал Бээжинд болно. Энэ хурлаар дамжуулан бид хөрөнгө оруулалтын таатай орчин сэргэж, хамтын ажиллагаа өргөжих байх гэж бодож байна.
Хөрөнгө оруулахад Монголын Засгийн газар бидэнд ямар боломж олгох вэ гэдэг их чухал байна. Бидний зүгээс тааламжтай боломж олгоно гэж итгэж байна. БНХАУ-аас ''Нэг бүс-Нэг зам'' төслийн хүрээнд тэр замыг дайрч байгаа улс орнуудын нөөц баялгийг илүү их сонирхож, хөрөнгө оруулах сонирхолтой байгаа" гэлээ.
Түүнчлэн энэ үеэр БНХАУ, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран хоёр улсын харилцааг сайжруулах хүрээнд санамж бичигт гарын үсэг зурсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ