“Эрдэнэт” тойрсон баривчилгаа үргэлжлэх үү?

"Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалсан асуудлаар АТГ сүүлийн өдрүүдэд овоо урагштай ажиллаж байна. Гэхдээ энэ нь түр зуурын пиар уу, эсвэл том акулуудаа агнах бэлтгэл үү гэдэг одоохондоо ялгагдахгүй, саармаг төрхтэй байгаа юм. Тодорхой байгаа зүйл нь, Ц.Нямдорж сайдын хуурай дүү гэгддэг С.Анхбаяр, өөрийн хүн болох Г.Алтан нарыг саатуулсан явдал.

Гэтэл АТГ-аас өөр хүний бичиг баримтаар Алтанбулагаар хил гарахаар завдсан Г.Алтанг саатуулсан явдлаа нууцалж буй нь анхаарал татна. Энэ нь хэсэг саатуулж байгаад улс төрийн тохироогоор суллана, эс бөгөөс асуудлыг тэр чигт нь Г.Алтан, Ш.Батхүү нарт тохох асуудал хөшигний ард яригдаж байгаа гэх хардлага дагуулж байна. Яг ийм төрлийн яриа эрх баригч нам дотор хөвөрч буйг эх сурвалжийн мэдээлэл ч баталж байгаа юм.

Мөнхүү элчингээс нь буулгах олон нийтийн эсэргүүцлийг өчнөөн тэссэн мөртлөө гэнэт гарч ирээд 10 гаруй цаг АТГ-д байцаагдсан С.Баярын шийдвэрийн зорилго юу байв. С.Баяр асуудлаас эвтэйхэн сугарч үлдэхийн тулд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй гар барьж, Ч.Ганзориг, Д.Сугар нарыг тавьж туухыг завдаж байна уу. Эсвэл М.Энхболдтой үгсэж, том бүлэглэлээ хамгаалахаар ирсэн үү гэх зэргээр олон асуулт хөвөрч байна.

Засгийн газар дотор ч тэр “Эрдэнэт”-ийн арбитрын шүүх тойрсон маргаан дээр сайд нар нь нэг байр суурьтай биш. Тус тусдаа эрх ашиг, амбицтай байгаа нь харагдаж буй. Тухайлахад, Д.Сумъяабазар сайд “Арбитрын шийдвэрийн дагуу төлбөрийг нь төлж, холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн. Харин ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Засгаас Ш.Батхүүгийн зээлсэн мөнгө “Эрдэнэт”-ийн данс руу орсон гэж мэдээлсэн нь буруу юм билээ. Үүн дээр залруулга гаргана” гээд гөвөөд хаячихав.

Гэтэл УИХ-ын нэр бүхий таван гишүүнд “Эрдэнэт” үйлдвэрийн Арбитрын шүүх тойрсон асуудлаар хүргүүлсэн хариултыг Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга хоёр хоёулаа нэг бүрчлэн уншиж, зөвшөөрсөн гэх. Ийм байтал ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар яагаад “Ш.Батхүүгийн тавьсан өр Ч.Ганзориг, Д.Сугар нарт хамаагүй” гэх утга бүхий яриаг сэтгүүлчдэдөгөв. Энэ нь эргээд нөгөө л МАН доторх том бүлэглэлийн эрх ашгийн төлөө дуугарчихав уу гэсэн хардлага төрүүлж байгаа юм.

Дээрээс нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимдаа урьж ирүүлсэн Ц.Нямдорж сайдынхаа гэдэнг хөдөлгөж, хуурай дүүг нь хүртэл эвгүйтүүлэх хэмжээнд асуудал очлоо. Цаашид Увсын фракцийнхан ямар акци хийх вэ. Энэ үйл явц хэрхэн өрнөх бол.

Уг нь Ерөнхий сайд сэтгэхдээ “Эрдэнэт”-ийг манай намынхан ингээд самарчихсан байна гэж шууд хэлэхийг анхнаасаа зориогүй нь ойлгогдож байгаа. Тиймээс ч өөрийн хуурай дүү нар болох Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Х.Нямбаатар тэргүүтэй таван дүүгээ сумлаж, асуултад хариулах замаар мэдээллийг ил болгосон.

Одоо нөгөө хэд нь тусдаа холбоохүртэл байгууллаа. Яг МАН руу өнгийгөөд харахаар энэ хэд засагтай муудсан юм байхгүй. Тэд эх оронч байдлаар дуугарч, тэр жимээр нь Засаг явах шатар нүүгээд эхэлчихлээ. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх “Эрдэнэт”-ийн асуудал дээр массын дэмжлэг авч, намынхантайгаа үзэлцэх санаа агуулж байна гэсэн үг. Саяхан тоймч Г.Отгонбаяр “Хаврын улс төр их юм дуулгана. Хаа ч байсан юм бэ” гэх утгаар нэгэн нийтлэлээ төгсгөсөн байв.

Үнэхээр ч энэ хаврын улс төр халуухан, цухалдуухан байх нь ээ. Эрх баригч намын олон бүлэглэл хоорондоо баахан үзэж, олон нийт үнэгүй кино, шийгээр тасрахгүй нь бололтой. Ер нь ч тэгээд “Эрдэнэт” тойрсон баривчилгаа зогсох уу, үргэлжлэх үү гэдгийг хууль хяналтынхан биш МАН-ын “халуун гал тогоо” шийдэх биз ээ.

Ж.Мядагбадам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ