Г.Алтан хил давахыг оролдсон уу?

“Алтжин групп”-ийн захирал Г.Алтан өчигдөр /2018.03.13/ бусдын бичиг баримтыг ашиглан Алтанбулагийн хилээр нэвтрэх гэж байхад нь саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ.

Одоогоор энэ мэдээллийг Авлигатай тэмцэх газар /АТГ/ үгүйсгэсэн бол Цагдаагийн байгууллага няцаасангүй.

АТГ уржигдар “Жаст”-ын Ш.Батхүүг баривчилсны дараа “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаярыг баривчилж, мөн Ерөнхий сайд асан С.Баяраас АТГ мэдүүлэг авсан байдаг. Г.Алтан ч мөн хуулийнхны хяналтад байгаа бөгөөд түүнд холбогдох хэрэг нь мөн л “Жаст”-ын Ш.Батхүүгийн гэх хэрэгтэй хамааралтай байж болзошгүй гэдгийг эх сурвалж хэлж байна.

Дашрамд дурдахад одоогоос нэг жил гаруйн өмнөөс “Хадгаламж” банкийг Төрийн банкинд нэгтгэж байгуулахад Г.Алтангийн хөрөнгө хамт очсон учраасудахгүй хувьчлал явагдахад Г.Алтан давуу эрхтэй оролцоно гэсэн үг. Мөн дээрээс нь МАН түүнд зээлж авсан сая ам.доллар, хүү нь болох 1.392 мянган ам.доллар, нийлээд 2.392 мянган ам.долларын өртэй. Хаагуур нь ч бодсон Г.Алтан захирал Төрийн банкинд эзэн суух нь тодорхой гэдгийг эх сурвалж хэлж байна” хэмээн “Зууны мэдээ” сонинд нийтэлж байсан юм.

Тэгвэл Төрийн банкны ерөнхийлөгч Д.Баярсайхан саяхан хэвлэлд өгсөн дэлгэрэнгүй ярилцлагадаа “Иргэн Э.Сүрэн болон “Жаст групп” ХХК үгсэн хуйвалдаж дээр дурдсан байдлаар хуурамч баталгаа, батлан даалт үйлдэж Төрийн банкнаас их хэмжээний мөнгө гаргуулах шүүхийн шийдвэрийг гаргуулж шийдвэрийг биелүүлэх замаар хийгдсэн луйврын ажиллагаа гэж хэлж болно. Энэ хэргийн ард Жастын Ш.Батхүү, Алтжингийн Готовын Алтан нар байгаа нь тодорхой.

Эдгээр нөхдийн хууль бус үйлдлийн хамтрагч нь шүүх битгий байгаасай гэж бодож сууна...Ш.Батхүү, Г.Алтан нар “Төрийн банк” ХХК-иас уг төлбөрийг гаргуулах гэж тус банкны эсрэг нэгдмэл сонирхолтойгоор улайран нь зүтгэж байгаа гэж би харж байна л даа. Жишээ нь, саяхан банкны зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг Шинээр илрэх нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан гэж хэлсэн дээ.

Тэр хүсэлтийг хэлэлцэх явцад хариуцагч “Жаст групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа этгээдийн итгэмжлэлийн хугацаа дууссан тул шүүх хуралдаанд оролцож болохгүй нөхцөл байдал хуралдааны явцад илэрмэгц нэхэмжлэгч Э.Сүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр тухайн хурал дээр шууд хүсэлт гаргаж шүүх хүлээж авч байх жишээтэй. Ер нь нэхэмжлэгч хариуцагч талууд шүүх дээр эсрэг талууд байдаг шүү дээ” хэмээн ярьсан байдаг.

Хэрэв Г.Алтан уг хэргээс үүдэн шалгагдаж байгаа болтүүнд хилийн хориг тавьсан байх учиртай. Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг эргэн сурвалжлах болно.

У.Оргилмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ