З.Энхтөр: Ерөнхий сайд намайг огцруулах эсэхийг шийднэ

Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөртэй холбогдож, цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Даваа гаригт Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хаалттай хурлаар таныг Засаг даргаас огцруулах асуудлыг хэлэлцэж, олонхи нь дэмжжээ. Яг ямар асуудлаар огцруулах тухай хэлэлцсэн юм бэ?

-Энэ асуудал өмнө нь яригдаж байсан л даа. Арванхоёрдугаар сарын 13-нд энэ талаар хурлаар хэлэлцээд, олонхийн дэмжлэг аваагүй шүү дээ. Гэтэл дахиад нэгдсэн хуралдаан даваа гаригт хийхээр болоод намайг ч оруулалгүйгээр хаалттай хуралдсан. Хурлынх нь тайланг ч сонссонгүй.

-Таныг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ гэдгийг та мэдэж байсан уу?

-Мэдэж байсан. Хаалттай хуралдаж байна гэх нэрийн дор намайг хуралд оруулалгүйгээр хуралдаад ийм шийдвэр гаргасан байсан. Ямар үндэслэлээр огцруулах асуудал оруулж хэлэлцсэн талаараа ч хэлээгүй.

-Уг шийдвэрийг та хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэг яригдаад дэмжигдээгүй асуудлыг дахин оруулж ирж шийднэ гэж байхгүй л дээ. Хуулиндаа жилийн дараа хэлэлцэнэ гэж байдаг юм. Хэлэлцсэн асуудлаа хуйвалдааны зарчмаар дахин хэлэлцэж, хуралдсан нэртэй. Ерөнхий сайд л намайг огцруулах уу, үгүй юу гэдгийг шийднэ. Огцруулах үндэслэл байгаа юу, үгүй юу гэдгийг харсныхаа дараа огцруулна гээд шийдсэний дараа хуралдаж нэр дэвших хүнээ тодруулдаг. Тэгж ном журмаар нь явдаг ажлыг ном журмаар нь хийсэнгүй л дээ. Ерөнхий сайд шийдвэр гаргаагүй байхад дараагийн хүнийг тодруулаад, яриад байх жишээний. Хадам, хүргэн хоёрын марзан зүйл л болж байна.

-Хадам, хүргэн гэдгээ та тодруулахгүй юу?

-Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь нэр дэвшээд байгаа хүний хүргэн юм л даа. Хадам, хүргэн хоёр нийлээд хурал хийчихдэг юм байлгүй.

-Ерөнхийлөгчийг Сүхбаатар аймагт ажиллах үеэр таны байхгүй байсныг намчирхсан үзэл гаргалаа гэж шүүмжилсэн. Та үүнд тайлбар өгөхгүй юү?

-Тухайн үед би Канадын Засгийн газраас 16 сая канад долларын санхүүжилттэй том төсөл хэрэгжүүлэх ажил ярьж байсан. Оны өмнө Канадын Элчин сайдтай уулзаж, уг төслийг аймагтаа хэрэгжүүлэхээр болоод, хоёр сарын өмнө төлөвлөчихсөн байсан юм. Ерөнхийлөгчийг Сүхбаатар аймагт ажиллах үеэр уг төслийн талаарх сургалт, семинар яг давхцаж таарсан. Нэгэнт өмнө нь төлөвлөгдчихсөн байсан, аймагтаа хэрэгжүүлэх гээд ярьчихсан байсан томоохон төсөл учраас суухаас аргагүй шүү дээ.

-Сүхбаатар аймагт намчирхал, талцал их байна гэх яриа гараад удлаа. Үнэхээр тийм зүйл байна уу?

-Би 2016 онд Ерөнхий сайдын захирамжаар албан ёсоор томилогдож ажлаа хүлээн авсан. Мэдээж сөрөг хүчний зүгээс шүүмжлэл их гарч байгаа нь намчирхал, талцал мэт харагдаж байж болох юм. Ялагдсандаа хорсож, өш хонзон санасандаа ч юм уу нөгөө талаас худлаа үнэн гүтгэлгийн постууд бичиж байгаа нь талцаад байгаа юм шиг харагдаж байж магадгүй. Түүнээс аймагт талцаж, хуваагдаад байгаа асуудал байхгүй.

Ц.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ