Д.Гантулга, Ш.Раднаасэд нарын тойрог эзгүйрч, нөхөн сонгууль болох сураг дуулдаж эхлэв
УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлаж Төрийн ордон нам гүм болсон ч улс төр бужигнаантай хэвээр байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын даргын тамга тэмдгээ гардан авахтайгаа зэрэгцэн “МАН доторх 32, 33-ын хагарал үгүй болсон” хэмээн хэлж байсан.
Гэвч түүхэн намыг хоёр тийш нь чангаах хоёр том жигүүрийг яаж ч хүч хавсран нийлүүлэх гээд дийлсэнгүй ээ. У.Хүрэлсүхийг дэмжигч 33-ын бүлгээс арваад нь сандал, суудал бараадаж чадалгүй дэмий шүлсээ үсчүүлсэндээ гомдон, матрын нулимс унагасаар Миеэгийн хүүгийн талд буюу 32-ын талд аажмаар уусан нэгдсэн гэх. Гэхдээ энэ бол “том” зорилготой У.Хүрэлсүхэд чирэгдээд байх сэдэв биш юм. Тиймээс ч улс төрийн энэ мэт үйл явдлуудыг “загалмайлсан эцэг”-ийн байр сууринаас хараад суух нь хамгийн оновчтой. Ерөнхий сайд энэ мэт бужигнааны тоосноос холуурхан байсан нь ч дээр биз.
"33-ынхан" нааш цааш сэм гүйлдэх үймээн дундуур нэрэн дээрээ УИХ-ын гишүүн боловч нэдэр дээрээ “хэн ч биш” болчихоод байгаа нэг хүн бий нь Д.Гантулга. Тэрбээр өөрийгөө улс төрийн тоглоом болчихлоо хэмээн ярьдаг. Залуу хүний амбиц, карьер ах намын томчуулын хөлд гишгэгдэж үгүй боллоо хэмээн нэг хэсэг нь халагладаг. Гэхдээ “бандаашаа өмсөөд гарсан” гэсэн гуравхан үгээр өөрийнхөө нэр хүнд, амбицыг өөрөө гишгэлсэн учир хэнд ч гомдох эрхгүй. МАН ч энэ хүнээ татаад авъя гэхээр олиггүй хэрэгт нэр холбогдсон учир өөд татаад босгох сонирхол ч үгүй биз. Иймээс түүнийг УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалз гэж шахалт үзүүлж, энэ сарын хоёрны өдөр өргөдлөө өгөх байсан ч өөрөө таг болжээ.
Уг нь Д.Гантулга нэр хүндээ авч үлдэх эцсийн боломж нь өөрөө бүрэн эрхээсээ татгалзах байсан юм. Гэтэл өнөөдөр нэгэн сайтад “Та УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлт гаргасан уу” гэх сэтгүүлчийн асуултад “Огт тийм юм байхгүй” гэх хариултыг хэлсэн байв. Үүнээс дүгнэхэд тэрээр нэр хүндээ ч үл хайхран УИХ-ын гишүүний “модон сандал”-аас чаргууцалдан үлдэх хүсэл буй бололтой. Монголын улс төрийн түүхэнд сайн дураараа УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байсан намын даргынхаа жишээг давтаж, жишиг болж үлдэх боломжоо тэр ийнхүү хугасалж байгаа юм.
МАН дотор өрнөж буй бас нэгэн яриа бол УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийг мөн эгүүлэн татах тухай асуудал юм. Шинэ Засгийн газар бүрдэж, байнгын хороодын дарга нарыг солиход ганцхан Ш.Раднаасэд тус байнгын хорооныхоо буурийг сахиж үлдэж байсан нь түүнийг Хууль зүйн сайдын найдвартай “хамгаалагдсан” хүн хэмээн ярих нь ч бий. Гэвч түүнийг ямар шалтгаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, эгүүлэн татах гэж буй нь одоогоор МАН-ын нууц бололтой.
УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүний хоёр ч суудал эзгүйрч, Хэнтий, Говь-Алтайд нөхөн сонгууль болж магадгүй гэсэн яриа гарах болсон нь ортой эсэхийг харах л үлдлээ.
Ц.ТАМИР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ