Хүртээмжтэй даатгалын талаарх зохицуулалтын нөлөөг үнэлэв
Монгол Улсын даатгалын зах зээлийн, тэр дундаа хүртээмжтэй даатгалын зах зээлийн зохицуулалт, түүний нөлөөллийн үнэлгээг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) өнгөрөгч наймдугаар сард явуулсан судалгаанд тулгуурлан хийснээ албан ёсоор тайлагналаа.
Нийгэмлэгээс хэрэгжүүлж буй 'Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо' хөтөлбөрт 7 улс хамрагдаж байгаагийн нэг нь манай улс юм. Хөтөлбөрөөс тусгайлан боловсруулсан аргачлалаар дээрх үнэлгээг гаргасан бөгөөд холбогдох хууль, дүрэм, журмыг судлах, тоон болон чанарын статистик үзүүлэлт цуглуулах, төр, хувийн хэвшлийнхэнтэй уулзалт, ярилцлага, хэлэлцүүлгийг зохион байгуулах зэргээр өргөн хүрээтэй судалгааг зохион байгуулсан юм.
Үнэлгээг Монгол Улсын хүртээмжтэй даатгалын салбар дахь хувийн секторын оролцоо, албан бус оролцогчид, зохицуулалт ба хяналт шалгалтын орчин, иргэдийн санхүүгийн боловсрол, хэрэглэгчийг хамгаалах механизм гэсэн үндсэн асуудлуудын хүрээнд гаргасан бөгөөд зохицуулагч байгууллагаас хэрэгжүүлж буй хүртээмжтэй даатгалын бодлого, зохицуулалтын үр дагавар, нөлөөллийг шинжлэх, тулгарч буй бэрхшээлийг олж илрүүлэх, хүртээмжтэй даатгалын зах зээлийг цаашид хөгжүүлэх боломж, шийдлийг судлах, санал зөвлөмж өгөх зорилготой юм.
Нийгэмлэг үнэлгээний тайландаа, манай улсын хүртээмжтэй даатгалын хөгжлийн өнөөгийн төлөв, түвшин, холбогдох үзүүлэлтүүдийг нэгтгэн дүгнээд, цаашид даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн даатгалын боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, хувийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, борлуулалтын сувгийг тэлэх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг зөвлөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ