"МАХН, МҮАН, ИЗНН, Ногоон нам хамтран тунхаг бичиг байгуулна"
МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар болон тус намын гишүүд өнөөдөр /2018.03.13/ мэдээлэл хийлээ.
МАХН-аас Шинэ дээд Үндсэн хуулийн үзэл санааг шинэчилж, ард түмнээс санал авч буй. Маргааш буюу гуравдугаар сарын 14-ний өдөр МҮАН, ИЗНН, Ногоон нам, МАХН зэрэг дөрвөн нам хамтран тунхаг бичигт гарын үсэг зурахаар болжээ.
Олон нам, улс төрийн хүчин нийлж Монголд тулгамдаж байгаа ядуурал, ажилгүйдэл, уул уурхайн баялгийн тэгш хуваарилалт ард түмэнд олгох, Шинэ дээд үндсэн хуулиа батлуулахын тулд хамтран ажиллахын тулд ийнхүү тунхаг бичигт гарын үсэг зурахаар болсон байна.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-МАХН-ын шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрийг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Ингэхдээ мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуультай харшилж байна гэсэн тайлбарыг өгсөн. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Үндсэн хуулийн төслийг ямар ч хувь хүн, байгууллага, нам, улс төрийн хүчин ярьж, ард иргэдээсээ санал авах эрхтэй. Үүнийг хорьсон зүйл ямар ч хуульд байхгүй. МАХН 21-р зууны хоёрдугаар их хурлаа ард түмний өмнө нээлттэй, ардчилсан байдлаар нийт гишүүдтэйгээ хамтарч хийсэн. МАХН-ын их хурлын баталсан мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийн талаар Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн. Бүртгэлийн ажил явагдаж байгаа. Улсын дээд шүүх бүртгэх асуудлыг хэлэлцэхээс эвлэлдэн нэгдсэн намын дотоод асуудал руу оролцох ёсгүй. Ойрын үед бүртгэлийн үйл ажиллагаа амжилттай явна гэж бодож байна.
-МАХН-аас өнгөрсөн онд аливаа сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан бол намаас хасна гэж дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлж байсан. Энэ удаагийн дүрэмд энэ өөрчлөлтийг тусгасан уу?
-МАХН-ын дүрмийн өөрчлөлтөд улс төрийн намын тухай хуулийн дагуу бусад намуудын дүрмийн адил зүйлийг тусгасан. Шинэ дүрэмд МАН, АН-ын дүрэмд заагдсан улс төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, хамт олны дүрэм, журам зөрчсөн нөхцөлд хариуцлага тооцно. Түүний хамгийн том хариуцлага нь намаас хасна гэсэн заалт бий. Энэ дагуу л дүрэм шинэчлэн найруулан баталсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ