Нийгмийн даатгалын сангийн орлого 11 хувиар өсчээ
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2018.03.13/ Монгол Улсын нийгэм эдийн засгийн эхний хоёрдугаар сарын нөхцөл байдлыг танилцуулав.
Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний 2 сард 337.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 33.4 (11.0%) тэрбум төгрөг, зарлага 325.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 28.9 (9.8%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 33.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 2.2 (26.9%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн орлого 20.0 (8.9%) тэрбум төгрөгөөр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 12.6 (70.4%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 2.5 (17.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2018 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 28.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2.0 (28.4%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн зарлага 23.5 (10.2%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 4.3 (11.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2018 оны эхний 2 сард 132.6 мянган хүнд 20.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 30.0 (18.4%) мянгаар буурч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 0.3 (1.6%) тэрбум төгрөгөөр өсжээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2018 оны эхний 2 сард 51.4 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 3.1 (6.5%) мянгаар, олгосон тэтгэврийн хэмжээ 2.1 (18.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Энэ оны эхний 2 сард 18 хүртэлх насны 1.4 сая хүүхдэд 27.1 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ