Азербайжан улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр /2018.03.12/ Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Эльмар Мамедьяровтой Баку хотноо уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Сайд Д.Цогтбаатар түүхийн нийтлэг өв уламжлалтай, найрсаг харилцаа бүхий Азербайжан улстай Монгол Улс хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлээд хоёр улсын хооронд худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах ихээхэн боломж байгааг онцлов.
Тухайлбал, Азербайжаны их, дээд сургуулиудад Монголын оюутнууд суралцаж байсан уламжлалыг сэргээж, Азербайжаны Засгийн газрын тэтгэлгээр тус улсад Монголын оюутнуудыг суралцуулах, жудо, чөлөөт бөх, бокс, уран сайхны гимнастикийн холбоодын хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх боломжтой талаар тэмдэглэв.Түүнчлэн Улаанбаатар хотноо байгуулагдаж буй Далайд гарцгүй Хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах олон талт хэлэлцээрт Азербайжан улсыг нэгдэхийг уриалж, ирэх 6 дугаар сард Улаанбаатар хотноо болох тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох завшаанд Монгол Улсад айлчлах урилгыг Азербайжаны Гадаад хэргийн сайдад уламжлав.
Азербайжаны Гадаад хэргийн сайд Эльмар Мамедьяров Азербайжан, Монголын харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаарх хоёр улсын Засгийн газар болон бусад байгууллагын санал, санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын дараа Монгол, Азербайжаны Гадаад хэргийн яамд хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ