Үндэсний шигшээ багийн чансааг ахиулах хоёр “тулаан”

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэ сарын 22-нд Куалалампур хотод Малайзтай, 27-ны 18.00 цагт Улаанбаатар хотод Мауритус улсын багтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийнэ.

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ баг одоогоор урд хөршийн Юнан мужид нэгдсэн бэлтгэл хийж байна. “Талын хөх чононууд” урд хөршид хийж буй бэлтгэлээ дуусгаад гуравдугаар сарын 18-нд Малайзыг зорьж, 22-нд Куала Лумпур хотод эхний нөхөрсөг тоглолтоо хийнэ. Талбайн эзэн Малайзын шигшээ одоогоор дэлхийн чансааны 175-д бичигдэж байна.

Чансаа дээгүүр багуудтай хийх хоёр тоглолтоос Африк тивийн Мауритус улсын шигшээтэй тоглох тоглолт сонирхол татаж байна. Одоогоор дэлхийн чансааны 157-д бичигдэж буй Мауритусын шигшээ 1999, 2000 онуудад чансааны 118-д эрэмбэлэгдэж байсан удаатай.

Мауритусын шигшээ Африк тивийг төлөөлөн ДАШТ-д оролцдог улсуудтай тоглож байсан туршлагатай баг учраас энэ тоглолт манай шигшээ багт том сорилт болох нь дамжиггүй. Дэлхийн чансааны 189-д бичигдэж байгаа манай шигшээ энэхүү хоёр тоглолтоос эерэг үр дүн авч чадвал, чансаагаа ахиулах боломжтой.

Нэмж дуулгахад Монгол, Мауритусын тоглолт нь Монголын шигшээ баг ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр эх нутагтаа хийж буй анхны тоглолт юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ