Хэнд 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхол байв?
-ЭРҮҮГИЙН ХУУЛЬ БОЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ДАРАА ОРОХ ТОМ ХУУЛЬ-
Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн 12 дугаар зүйл. Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох: 12.5.1-д “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.
Өмнө нь шинэ Эрүүгийн хуульд бэлгийн харьцаанд орох нас заагаагүй байсан бол өнгөрсөн оны 2017 оны тавдугаар сарын 11-ний өдрийн хуулиар “14 нас” хэмээн өөрчлөлт оруулсан нь араасаа маш их шүүмжлэл дагуулж буй юм. Мөн 14 нас хүрснийг нь мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол гэдэг нь “14 настай хүүхэдтэй тохиролцож болно” гэсэн утга илэрхийлсэн аюултай заалт болсныг олон хүн хэлж байна.
Чухам яагаад “14 нас” гэж зааж өгсөн тухайд тайлбар хийх хүн бараг алга. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр энэ талаар “Хуучин Эрүүгийн хуулиар "16-гаас доош насны хүнтэй хурьцал үйлдэх" гэмт хэрэгт насны доод хязгаарыг тавиагүй байснаас 0-16 нас мэт хууль зүйн хувьд алдаатайгаар бичигдсэн байсныг 14-16 гэж доод насны хэмжээг заасан. Хуулийн хийдэл арилсан. Агуулгын өөрчлөлт үгүй” хэмээн тайлбарлав.
Хэнд 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхол байв? Хэрхэн тэр сонирхлоо хуулинд суулгуулав? УИХ-ын гишүүд энэ хуулийг батлахдаа яагаад анзаарсангүй вэ? гэх мэт олон асуудал ар араасаа ундарсаар байна.
-УИХ-ЫН ГИШҮҮД ХУУЛЬ БАТЛАХДАА УНТАЖ БАЙДАГ ЮМ УУ-
Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хуульд 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд хэмээн нэрлэнэ гэж бичсэн байдаг. Тиймээс иргэд энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан эрхмүүдэд хандан зэвүүцлээ илэрхийлж байна. Сүхбаатар дүүргийн 6-р хорооны иргэн М.Жаргал “Яаж ийм хууль баталж чаддаг байна аа. Өөрсдөө үр хүүхэдтэй хүмүүс байлгүй дээ. Энэ хуулиа хурдан татахыг шаардаж байна” гэв.
Говьсүмбэр аймгийн иргэн Б.Отгоо “УИХ-ын гишүүд хууль баталж байхдаа юу боддог юм бэ. Бүгд унтаж байдаг юм уу? 16 нас ч бага шүү дээ. Энэ хуулийг хэнд зориулж гаргаад байдагаа юм бол ерөөсөө ойлгохгүй байна. Энэ хуулийг санаачилж буй хүмүүс өөрсдөө 14 настай хүүхэдтэй унтах сонирхолтой байдаг юм уу ёстой хэлж мэдэхгүй юм. Эсвэл өөрсдийнхөө хүмүүжилгүй хүүхдүүдэд зоруилж ийм хууль санаачилж байгаа байх л гэж бодож байна” хэмээн хэллээ.
-ӨМНӨХ ЭРҮҮГИЙН ХУУЛИАС ЯЛ ШИЙТГЭЛИЙН БОДЛОГЫН ХУВЬД
МАШ ИХ ЗӨӨЛӨРСӨН-
Эрүүгийн хууль бол Үндсэн хуулийн дараа орох том хууль. Өнгөрсөн онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 онд баталсан шинэ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хүчингүй болгон нэмэлт, өөрчлөлт оруулсан гэдэг хуулийн энэхүү төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт санаачлан, 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн барьсан билээ.
Энэ удаагийн нэмэлтээр өмнөх хуулийн 40 орчим хувийг өөрчилсөн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хэлж байв. Тухайн үед шинэ Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өмнөх Эрүүгийн хуулиас ял шийтгэлийн бодлогын хувьд маш их зөөлөрсөн. Гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруу, хувийн байдал, нийгэмд учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, ял оногдуулах бүхий л талын боломжийг шүүхэд энэ хуулиар олгож байгаа юм.
2002 оны хууль хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах боломжийг хэт хумьсан. Тодорхой төрлийн гэмт хэрэг дээрх ялын интервал их ойртсон. 3-4 удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль гаргаж ял эдэлж байгаа хүмүүсийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөлөх, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх ажил хийгдсэн. Шинэ Эрүүгийн хуулийг гаргах тодорхой шалтгаан энэ байсан.
Бас ч гэж удаан хугацаанд боловсруулж, хэлэлцүүлж, цөөнгүй саад тотгортойгоор батлагдлаа. Энэ хууль бол гурван Засгийн газар дамнан өргөн баригдаж байж эцэслэн батлагдлаа” хэмээн ярьсан билээ.
Хуульчдын үзэж буйгаар, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хүчингийн гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис, хүний наймаатай холбоотой асуудлыг хөнгөрүүлсэн заалттай баталжээ. Өмнөх Эрүүгийн хуульд бусдын биеийг үнэлэх, садар самууныг санаатайгаар зохион байгуулах зорилгоор орон байр, эд материалаар хангасан тохиолдлыг гэмт хэрэг гэж үздэг байсан бол одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар гэмт хэрэг гэж тооцохоо больсон байна.
“Ниргэсэн хойно нь хашгирна” гэдэг үг бий ч Эрүүгийн хуулийн амьдрал нийцэхгүй заалтуудыг өөрчлөхөд оройтохгүй. Үгүй бол “түүхий” энэ хуулийн харгайгаар хичнээн хүүхэд, хүн хохирохыг таах аргагүй юм.
Д.Эрдэнэтуяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ