ЭЗЦГ-аас ЗТХЯ-ны дэд сайд, зарим удирдлагууд УБТЗ ХНН болон ИНЕГ- аас халамж эдэлж байсныг тогтоон АТГ руу ?

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Засгийн Газраас бүх шатанд хэмнэлтийн горим барьж ашиг сонирхлын зөрчил, үрэлгэн зардал тэвчихийг төр, төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдэд үүрэг болгосон билээ. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллага бие даан болон иргэдээс мэдээлэл авч хяналт шалгалтын ажил хийж эхэлсэн. Харамсалтай нь ЗГ-аас өгсөн үүрэг чиглэл яам, агентлаг, төрийн өмчит компаниудад туйлын хангалтгүй хэрэгжиж байна. Нэр бүхий яамдад хийсэн шалгалтаар харъяа агентлаг, төрийн өмчит компани, төслүүдээс албан хэрэгцээндээ зориулан шинэ автомашин гаргуулах, гадаад дотоод томилолтоо санхүүжүүлэх, сургалт сурталчилгаа, бусад арга хэмжээний зардал нэрийн дор их хэмжээний өмч хөрөнгө шамшигдуулах зөрчил илэрчээ. Иймд Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ТӨХК-иудын ТУЗ-ийн дарга, ерөнхий захирал, гүйцэтгэх захирал нарт албан даалгавар хүргүүлж дахин ийм зөрчил гаргахгүй байхыг сануулж хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардлаа.

Зураг тайлбар: ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорын хариуцлага тооцох, хохирлыг нөхөн төлүүлэх тухай албан бичиг...

Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт 2017 оны сүүлчээс эхлэн хэд хэдэн хэргүүдийг илрүүлэн шалгаж, баримт материалуудыг хурааж аваад байгаа билээ. Саяхан буюу 2018 оны 03 сарын эхээр цагдаагийн албан хаагчид ИНЕГ-ын нислэг, техникийн ослыг шалгах үйлчилгээнд зориулан авсан шинэ автомашинуудыг 2016 оноос хойш Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд, газар, хэлтсийн дарга нар албан болон хувийн хэрэгцээндээ ашиглаж байсныг илрүүлэн шалгаж байна.

ИНЕГ-ын нислэг, техникийн осол зөрчлийг шалгах албаны үйлчилгээнд буюу осол аваар гарсан тохиролдолд яаралтай очиж ажиллах зориулалттай автомашинуудыг хүнд сурталтай Зам тээврийн хөгжлийн яамны газар, хэлтсийн дарга нарыг өглөө гэрээс нь авахаас эхлээд тэдний ар гэрийн ажлыг амжуулахын тулд өдөр бүр ИНЕГ-ын нислэг, техникийн осол зөрчилд ажиллаж байгаа мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн жолоочийн цалин, автомашины шатахууныг олгодог байжээ. Нотлох баримтуудыг шалгаж тогтооход нэг даргад улсын төсвөөс 20 сая төгрөг, яамны 4-н даргад 2 жилийн хугацаанд 160 сая төгрөг зарцуулагдсан байна. Эдийн засгийн хямралд орж татвар нэмэх хүнд шийдвэр гаргасан Улсын Их Хурал, Засгийн Газрын шийдвэр энэ мэт үйлдэлтэй шууд зөрчилдөж байгаа нь харагдана.

Зураг тайлбар: ЗТХЯ, ИНЕГ-ын удирдлагын хэрэглэж байсан 2016 онд үйлдвэрлэгдэн мөн ондоо Монгол Улсад орж ирсэн Kia маркийн “Optima” автомашин. 2015, 2016 онд үйлдвэрлэгдсэн Sonatа-8 2 ш, Sonata-6 1 ш зориулалт бусаар ашиглагдаж байжээ.

Цагдаагийн байгууллага ЗТХЯ-ны агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ЗТХЯ-ны хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Ренчиндамба, ЗТХЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ж.Гантөмөр нар зориулалт бусаар хуурамч бичиг баримт үйлдэн автомашин унаж байсныг тогтоогоод байна. Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлэн тогтоосон энэхүү хэргийг харъяаллын дагуу Авлигатай тэмцэх газар шилжүүлэн авч шалгаж эхэлсэн бөгөөд Зам тээврийн хөгжлийн яам, ИНЕГ-ын удирдлагууд дуудагдсан тухай эх сурвалж нотоллоо. Харамсалтай нь АТГ-ын одоогийн удирдлага энэ төрлийн зөрчлийг хэрэгсэхгүй болгох сонирхол бий нь ажиглагддаг. Тухайлбал 2016 оноос Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар ажиллаж буй УБТЗ-ын Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл харъяа байгууллагаасаа өөрийн албан хэрэгцээнд lexus-570 автомашин гаргуулан авч унасан нь баримтаар тогтоогдсон. УБТЗ-ын өмнөх дарга Л.Пүрэвбаатарын хэл ам дагуулан худалдан авсан тэрхүү автомашиныг Б.Цогтгэрэл “Шилэн Цогоо” нэрээр сошиал ертөнцөд хамгийн их шүүмжилж байсан билээ. Гэтэл өөрөө эрх мэдэлд хүрэхдээ улсын дугаар, бичиг баримтыг өөрчлөн УБТЗ-аас жолооч, шатахуун гаргуулан ашиглаж эхэлсэн нь ашиг сонирхлын хамгийн тод зөрчил юм. Гэвч Авлигатай тэмцэх газар “хуулийн зөрчил” биш гэж дүгнэлт гаргасан нь хачирхалтай.

Зураг тайлбар: Өмнө нь УБТЗ-ын ерөнхий хорооны дарга, орлогч дарга нараас хэн нь ч албаны унаагаар хангуулдаггүй байсан бөгөөд Монгол-Оросын хамтарсан Ерөнхий хорооны дүрэм, журамд ч ийм заалт байдаггүй. Гэвч Авлигатай тэмцэх газар хуулийн зөрчил гэж үзээгүй.

Зураг тайлбар: Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлийн УБТЗ-ын дарга төрийн мөнгөөр lexus-570 худалдан авсаныг шүүмжилж байсан жиргээнээс... Одоо харин өөрөө тэрхүү автомашинаа ашигладаг.

Монгол Улсын Засгийн Газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баримталж буй улсын төсөв, төрийн өмчит компаниудын зардлыг хэмнэх санаачлагад хуулийн байгууллагууд хэрхэн хандаж буйг үүнээс харж болно. Цагдаагийн байгууллага хуульд заасан үүргээ биелүүлэн нотлох баримт цуглуулах, хэрэг үүсгэх, хариуцлага тооцуулахаар ажиллаж буй бол Авлигатай тэмцэх газар хэрэгсэхгүй болгох, түтгэлзүүлэх сонирхол их байна. 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан Улсын Их Хурлаас АТГ-ын даргаар томилогдсон Х.Энхжаргал улстөрийн нөлөөлөл хуулийн байгууллагад үзүүлж буй тухай шүүмжлэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга удаа дараа илэрхийлсэн билээ. Олонд шуугиан тариад байгаа УБТЗ ХНН дарга Д. Жигжиднямаагийн хэргийг хамгаалж удаашруулж байна гэж АТГ-ын ОНЗ-ын дарга Г.Баасан хэдэнтэй мэдэгдэж байсан. Чухам хэн гэгч улс төрч, бизнесийн бүлэг Д. Жигжиднямааг хамгаалж байгаан удахгүй ил болон биз дээ.

Дашрамд дурьдахад ИНЕГ-ын албан хэрэгцээнд ашиглагдаж байх учиртай автомашинууд нь анх АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтанд зориулагдан авчирсан тансаг зэрэглэлийн ангилал бүхий төмөр хүлгүүд юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ