Үхэхээс айхгүй У.Хүрэлсүх хийхээс айв уу?
Анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн У.Хүрэлсүх солонгосчуудаас зээлэх 700 сая ам.долларын 500 саяыг нь утаанд зарцуулахаар болсон. Таван зуун сая ам.доллар бол бага мөнгө биш л дээ. Монголбанкны өчигдрийн /2018.03.05/ нэрлэсэн ханшаар бодоход л нэг их наяд 200 орчим тэрбум төгрөг болж байна. Төсвийн долооны нэгтэй тэнцэх зээл гэсэн үг. Энэ мөнгийг зуух тарааж, сайжруулсан түлш үйлдвэрлэхэд зарцуулна гэвэл даанч хайранюм.
БАРИЛГЫН САЙД Х.БАДЕЛХАН
УИХ-ын гишүүн Х.Баделхан Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдоод таван сар болж байна. Тэрбээр нэг сарын өмнө “Ипотекийн зээлд дараах хоёр бодлогыг барина. Ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд 300 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бий. Гэхдээ энэ эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч” байгаа гэснээс хойш энэ салбарт ямар ч шинэ мэдээ дуулдсангүй.
Хоёр жилийн өмнө нийслэлийн орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааг НЗДТ-ын газраас хийж, Улаанбаатар хотын хүн амын 58 хувь буюу 205 431 өрх гэр хороололд амьдардаг болохыг тооцоолж гаргасан. Мэдээж, Жи хорооллынхныг бүгдийг нь байртай болгох боломжгүй.
Учир нь ипотекийн зээлд хамрагдах иргэд урьдчилгаа мөнгөтэй, ажилтай, тогтмол орлоготой байх ёстой. Харин ипотекийн шаардлага хангаж, байртай болж, үнс нурам, утаа угаараас холдъё гэсэн боломжтой нэгний хувьд зээлд хамрагдахын тулддоод тал нь хоёр, гурван сар бүр хагас жил хүлээхэд хүрээд байгаа гэх. Шалтгаан нь санхүүжилт багасч, банкууд зээл гаргах нь цөөрчээ.
Сүхбаатар дүүргийн иргэн Г.Батболд найман хувийн зээлд хамрагдахаар “Хаан” банкинд хандсан гэнэ. “Хаан” банкны эдийн засагч ипотекийн санхүүжилт бага байгааг тайлбарлаад, материалаа өгөхийн тулд багагүй хугацаанд хүлээх хэрэгтэйг зөвлөсөн байна.
АН-ЫН ЭХЛҮҮЛСЭН ИПОТЕК
Ардчилсан намын үед иргэдийг хямд хүүтэй, урт хугацаатай орон сууцаар хангах зорилгоор найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг эхлүүлж, Монголбанкнаас гаргасан “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 93147 мянган өрх орон сууцанд оржээ. Хамгийн олон айлыг орон сууцжуулсан он жилүүд гэвэл 2013-2016 он юм. Тодруулбал, Ардчилсан намын Засгийн эрх барьсан цаг хугацаа.
Ердөө гурван жилийн дотор 80 мянган хүн орон сууцанд орсон тэдгээр он жилүүдэд сард дунджаар 2000 гаруй зээл олгогддог байсан бол 2017 онд сард дунджаар 608 зээл гарчээ. Зөвхөн нэг жишээ дурдахад л, 2014 оны 12 дугаар сард нийт 1963 зээлдэгчид 108.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг.
МАН-ЫН ГАЦААСАН ИПОТЕК
Ипотекийн зээл гацсан уу гэхээр албаны хүмүүс нь гацаагүй гэдэг. Гацаагүй юм уу гэхээр гардаг зээл ховордсоныг өнгөрсөн намраас хойш ипотекийн зээл хөөцөлдөөд бүтэлгүйтэж яваа О.Баяраа нотлов. Гэтэл зах зээлд 61.4 мянган шинэ орон сууц эзнээ хүлээж байгаа гэсэн мэдээллийг салбарын сайдаар очсон даруйдаа Х.Баделхан өгсөн билээ. Гэвч, МАН Засгийн эрхэнд гарснаас хойш ипотекийн зээлийг “амь тариа” төдийгөөр санхүүжүүлэх болсон. Сардаа 25 тэрбум төгрөгийн санхүүжилт Монголбанкнаас гаргадаг нь зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийг хангаж чадахгүйд хүрсэн.
Гэр хороололд амьдарч байгаа 220 мянган өрхийн 60 хувь нь орон сууцанд амьдрах сонирхолтойбөгөөд энэ эрэлт, нийлүүлэлтийг дэмжихийн тулд сард 25 тэрбум биш 60 тэрбумыг гаргаж байж л ипотекийн зээл гацалтгүй, хүлээлтгүй, хэвийн үргэлжлэх гэнэ.
БАНКНЫ ӨРӨНД ОРСОН БАРИЛГЫНХАН
Орон сууцны зээлийн санхүүжилтийг Засгийн газар энэ оноос өөр дээрээ авсан. Өмнө нь Монголбанк хариуцаж байсан бөгөөд төв банкны үндсэн үүрэг биш тул Сангийн яамд шилжүүлэх процесс ид өрнөж байгааг албаны хүн мэдээлэв. Он гарсаар эхний нэг, хоёрдугаар сард тус бүр 16.6 буюу нийтдээ 32.2 тэрбум төгрөгийн санхүүжилт гарчээ. Бүр 2017 оноос есөн тэрбумаар буурсан мөнгөн дүн. Хоёр сард ердөө 300 хүн ипотекийн зээлд хамрагдаж байна гэсэн үг.
Монголын барилгын салбарт бүртгэлтэй 5000 компаниас 700 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, тэд 40 мянган хүнийг ажил амьдрал, хоолтой нь залгуулдаг байна. Гэтэл банкны нийт зээлийн гуравны нэгийг барилгын салбар эзэлж байна. Өрөнд баригдаж, хөрөнгө нь гацсан барилгынхны өмнөөс салбарын сайд нь, Засгийн газар нь, төрийн болон төрийн бус холбоод нь ч санаа зовж байгаа шинж алга.
“Манай салбарыг анхаараад өгөөч” гэж төрөөс удаа дараа гуйж байгаагаа Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар яриад, холбооны зүгээс өөрөөр арга хэмжээ авах боломжгүйдээ уучлалт хүсэв. Харин Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Б.Нэмэхбаатар барилгын салбарын талаар судалгаа хийж байгаа талаараа ярилаа. Судалгааны дүн хараахан гарах болоогүй гэнэ.
Энэ салбарынхан барьсан барилгаа төрд шахах гэсэнгүй. Ноос, ноолуур, мах сүүнийхэн шиг төсвөөс 'угж', 'хоол' нэхсэнгүй. Харин ипотекийн зээлийг төр идэвхтэй дэмжээд эрэлт нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд У.Хүрэлсүхийн засаг анхаарчихад л 40 мянган хүний ажлын байр хамгаалалттай болно.
У.Хүрэлсүх утаатай жинхнээсээ тэмцмээр байгаа бол ипотекийн зээлийг санхүүжүүлэх эх үүсвэрийн тоог нэмэх хэрэгтэй. Ингэвэл орон сууцанд орох айлын тоо нэмэгдэж, гэр хорооллын олон яндан алга болно.
У.Хүрэлсүхийн засагт мөнгө байна, боломж байна, эрх мэдэл ч нь байна. Даанч үнэндээ бодлого нь алга. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үү, ингээд “амийг нь барих” уу, эсвэл үхэхээс айдаггүй У.Хүрэлсүх хийхээс айв уу?
Ж.Нямсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ