Ж.Мөнхбат: “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь би
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас дараах тодруулгыг авлаа.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авах шийдвэр гарсантай холбоотой асуудал яригдсаар байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувь монгол төрийн өмч. Төрийн өмчид байх ёстой. Сүүлийн үед тус үйлдвэрийн 51 хувь байгаа юм уу гэж яригдаад байх боллоо. Байгаа байх аа. “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлыг ярихад УИХ тогтоол, шийдвэр гаргаж байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар хоёр удаа 49 хувийг нь төрд авах шийдвэр гаргаж байсан. Энэ дагуу тус үйлдвэрийн 49 хувийг төрд авах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь би. Тухайн үед би Засгийн газрын хэрэг эрхлэхийн сайд байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьд очсон ТУЗ-ийн гишүүдийг нь төрийн өмчийнхнөөр сольсон. Тэнд байсан бүх хувийн хэвшлийн захирлуудыг ажлаас халж, сольсон.
-Өмнө нь энэ асуудал яригдсан мөртлөө яагаад ажил болоогүй юм бэ?
-Одоогийн Засгийн газрын гаргасан шийдвэр шинэ юм биш шүү дээ. Харамсалтай нь юун дээр энэ асуудал зогссон бэ гэхээр шүүх дээр 49-ийн тал ялсан. Анхан шатны шүүх дээр ялахад нь Засгийн газар давж заалдсан. Шүүхээс анхан шатны шийдвэр гарсан болохоор Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүлчихсэн юм. Ингэж явж байгаад зургаан сард бид дахиад энэ шийдвэрийг гаргаад, гаргах гаргахдаа 49 хувиас Монголын ард түмэнд хувь, хишиг ногдуулах тухай асуудал яригдсан байсан юм. Тэгэхээр өнөөдөр нэг их шинэ шийдвэр гаргачихлаа гэж харж болохгүй л дээ.
-Тэр үед харилцан суутгалын замаар төрд шилжүүлэх тухай асуудал яригдсан гэсэн үг үү?
-Яах вэ, одоогийн Засгийн газрын гаргасан шийдвэрт нэг шинэ зүйл бий. Тэр нь энэ харилцан суутгалын замаар ХХБ-ны зээлтэй холбоотой эргэн төлөлтийн асуудал. Бусад шийдвэрүүд нь яг хэвээрээ явж байсан. Өөрөөр хэлбэл хоёр Засгийн газар дараалаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын төрд, ард түмэндээ авч хувьцаа, хувь эзэмшүүлэх асуудал гурав дахь удаагаа яригдаж байна гэж ойлгож болно.
-51 хувийг хоёр хуваагаад хорь гаруй хувь нь л Төрийн өмчийн хороонд байгаа гэх яриа байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Биднийг 2016 оны наймдугаар сард ажлаа авахад ингээд хуваачихсан байсан юм. Энэ бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед шийдэгдсэн асуудал. Хорин хэдэн хувийг нь Сангийн яам, мөн хорин хэдэн хувийг нь Төрийн өмчийн хороо Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэддэг болсон байсан. Энэ чинь өмч эзгүйдэх, үнэгүйдэх төдийгүй өмчийн хариуцлагын тухай асуудал хөндөгдөх шалтгаан болж байгаа юм. Бид ажлаа аваад өрийн өмчийн хороонд хувийг нь хариуцуулсан.
-“Эрдэнэт”-ийн арван хувийг ард түмэнд эзэмшүүлэх тухай асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. 1072 ширхэг хувьцаа одоо хүртэл шийдэгдээгүй байна. Тэгэхээр хэр оновчтой шийдвэр вэ?
-Энэ талаар ямар шийдвэр гаргах нь Засгийн газрын асуудал.
Ц.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ