Монголын тамирчид хоёр алт, хоёр хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпийн аварга Роман Дмитриевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын олон улсын тэмцээн гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд ОХУ-ын Якутын“Триумф” спортын ордонд болж өндөрлөлөө. Тус тэмцээндАзербайжан, Болгар, Казахстан, Грек, Израиль, Казахстан, Кыргызстан, Молдав, Монгол, Румын, Тажикистан, Узбекистан, БНСУ, ОХУ гэсэн 14 орны 150-иад тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдсөн юм.

Зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Монгол Улсын 10 тамирчин зодоглосноос хоёр алт, хоёр хүрэл медаль хүртжээ.

Уржигдар /2018.03.03/ 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга алт, 86 кг-д Э.Батмагнай хүрэл медаль хүртсэн бол өчигдөр /2018.03.04/ тэмцээний сүүлийн өдөр 125 кг-ны жинд “Аварга” сургуулийн тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл алт, 92 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Чинбатын Алтангэрэл хүрэл медаль хүртэв.

Р.Дмитриевийн тэмцээний хоёр дахь монгол аваргаар тодорсон М.Лхагвагэрэл шигшээ барилдаанд Узбекистаны Хасанбой Рахимовыг 2:2-оор илүүрхсэн бол Ч.Алтангэрэл Грекийн бөхийг ялжээ.

Тэмцээний нийт шагналын сан 1.3 сая рубль бөгөөд түрүүлсэн бөх 50, мөнгө 30, хүрэл 15, аваргын багшийг 20 мянган рублиэр шагнажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ