П.Орхон Ази тивийн аварга боллоо

Кыргызстаны нийслэл Бишкект болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багаараа хоёрдугаар байрт шалгарчээ. Тэд өнөөдөр /2018.03.03/ өглөө 08.45 цагт эх орондоо ирлээ.

“Парис-2017” насанд хүрэгчдийн ДАШТ болон цэргийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбаагаа Бишкекийн тэнгэрт мандуулав.

П.Орхон Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 21 дэх, эмэгтэй бөхчүүдээс долоо дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Ц.Энхжаргал, О.Бурмаа, О.Насанбурмаа, Д.Отгонцэцэг, ОУХМ Н.Отгонжаргал нар Азийн аварга болж байв.

Тэрбээр Бишкект 1/4 шигшээд Узбекистаны Халбазар Нарбаеваг 10:0-ээр, хагас шигшээд залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Японы Юрика Итог 9:1-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд 2015 оны Азийн аварга БНХАУ-ын Луо Сиажуаныг 12:4-өөр ялав. Дөрвөн жилийн өмнө Астанад болсон Азийн АШТ-ий мөнгөн медалийнхаа өнгийг хувиргаж, тивийн аварга болсон юм.

Мөн 68 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг мөнгө, 50 кг-д “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл, 55 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор нар хүрэл медаль хүртлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ