Эрх мэдэлтнүүд хууль зөрчсөний хариуцлагыг Төрийн албан хаагчид хүлээдэг жишиг тогтжээ
2016 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор, Хөвсгөл, Увс аймагт “ЦАРЦААНЫ НҮҮДЭЛ” жинхэнэ утгаараа мода болж бусдыг байлдан дагуулсан байдаг. Албан ёсны мэдээллээр уг сонгуульд Хөвсгөл аймагт 2900 сонгогч, Баянхонгор аймагт 2200 орчим сонгогч шилжин очсон бол Увс аймагт хамгийн олон буюу 3300 сонгогч шилжсэнээрээ улсад тэргүүлж дээд рекорд тогтоожээ. Үүнээс Увс аймгийн 31 дүгээр тойрогт шилжин очсон ЦАРЦААНЫ НҮҮДЭЛ хэтэрхий ил, үгүйсгэхийн аргагүй баримт нотолгоотой бөгөөд иргэд, сонгогчдоос эсэргүүцэл ихтэй байсан тул аргагүй эрхэнд ТӨР дуугарч, шүүн тунгаахаар оролцож эхэлжээ.
Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09-р сарын 21-ний өдөр тус асуудлаар захиргааны хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Уг нь хууль журмын дагуу 2 сарын дотор шийдвэрлэгдэх ёстой байтал хэрэг 1 жил 3 сар өнгөрчихөөд байхад одоо ч шийдэгдээгүй хэвээр байна. Энэ хугацаанд Увс аймгийн захиргааны хэргийн шүүгчээс ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн татгалзаж тус хэрэг Ховд аймгийн шүүх рүү шилжжээ. Гэсэн ч хэрэгтэй танилцах, нотлох баримт цуглуулах зэрэг шалтгаанаар хэрэг шийдвэрлэх явц удаашралтай хэвээр байна.
Хамгийн сонирхолтой нь энэ хугацаанд олдсон хөдлөшгүй нотлох баримт устгагджээ. Тухайлбал, уг 31 дүгээр тойрогт Сонгуулийн тухай хууль, сонгогч шилжин очих журам зөрчиж нийтдээ 2345 сонгогч шилжин очсон болох нь баримтаар батлагдсан байдаг. Гэтэл үүнээс 3, 4-р хэсгийн 854 сонгогчийн шилжих хуудас болон түүнд хамаарах баримтыг тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Р.Отгонбаяр устгажээ. Тэрээр нотлох баримтыг устгасан тухайгаа Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хоёр ч удаа албан бичгээр мэдэгдсэн байдаг байна.
Ийнхүү чухал нотлох баримтыг устгасан шалтгаанаа тэрээр 2016 оны зун болсон их үерт норж, гэмтсэний улмаас ашиглагдах боломжгүй болсон гэж тайлбарладаг. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр буюу нотлох баримт устсан гэснээс 4 сарын дараа Увс аймгийн шүүхээс үзлэг хийхээр очих үед 854 сонгогчийн шилжих хуудас, түүнд хамаарах баримт бичиг хэвээр хадгалагдаж байсан гэдэг.
Мөн тэр зун нь чухал баримт хадгалдаг байр сав үерт автах нь битгий хэл ган болох хэмжээнд байсан бөгөөдганц нэгхэн удаа бороо орсныг нутгийн ард иргэд төдийгүй Цаг уур, орчны шинжилгээний газар баталж байгаа юм.
Хамаагүй үер болж гэж “итгээд”, хэрэгтэй баримт нь “гэмтсэн” байлаа гэж үзлээ ч 2345 сонгогчийн шилжих хуудас байрлаж байсан байранд ямар замаар яаж ус орохоороо яг асуудал болоод байгаа нөгөө 854 хүний шилжих хуудсыг устгасан байж таарах вэ? Нэгэн үеэ бодвол бичиг баримтаа үерийн усанд алдахааргүй хамгаалж чадахаар хэмжээнд хөгжиж чадсан энэ үед Р.Отгонбаярын өгсөн энэ тайлбар хэр оновчтой вэ ?
Өмнө нь хэлсэн, дараа нь ярьсан, дунд нь олдсон баримтууд зөрчилдөж эхэлсэн тул Р.Отгонбаярыг албан тушаалаа урвуулан ашигласан гэх шалтгаанаар АТГ давхар шалгаад эхэлжээ. Үнэхээр ч хэн нэгэн дээрээс нь зохион байгуулалттайгаар удирдан зааж буй мэт Р.Отгонбаярын үг болон үйлдлүүд нь зөрсөөр л явна.
Ингэж Сонгуулийн тухай хууль, сонгогч шилжих тухай журам зөрчиж сонгууль будлиантуулсан царцааны нүүдэлтэй холбоотой 2016 онд үүсгэсэн захиргааны хэрэг дээр өнөөдөр албан тушаалаа урвуулан ашигласан төрийн албан хаагчдын хэрэг мөн нэмэгджээ. Ажлаа хийж явсан төрийн албан хаагч өрөөлийн төлөө, өөрийн санаачлагаар хууль зөрчихгүй нь ойлгомжтой.
УИХ-ын гишүүн Д.Гантулгын оюутан охиныг хүчирхийлсэн хэрэг хоёр он дамжин өнөөдөр шийдэгдэх тал руугаа явж байна. Гэхдээ Д.Гантулга нь буруудаж биш түүний хэргийг дарах гэж оролдсон, шүүхийн шинжилгээний хариуг будлиулах гэж үзсэн хүмүүс нь гэмтэн болох тал руугаа явахаар болж байна. Яг өнөөдрийн топ сэдэв Эрдэнэтийн хуурамч гарын үсгийн хэргийн буруутан нь хэн байгаад хэн болж, хэн нь хэрэг хүлээж, гэмтэн болох нь өнөөдөр ч тодорхойгүй байна.
Энэ мэтээр хэрэгтэн нь биш хэргийг нь дарах гэж долдойдсон, дээрээс ирсэн шахалтад орсон жирийн төрийн албан хаагчид гэмтэн болж уг хэргийн жинхэнэ буруутан гэмгүй үлдэж эсвэл хэрэг хэрэгсэхгүй болдог тохиолдол олон болжээ. Интернет, сошиал хүчтэй хөгжихийн хирээр эрх мэдэлтэн, томчуудын увайгүй үйлдлүүд нийгэмд ил гарч ирэх нь элбэгшсэнээс биш өмнө нь энэ мэт хэргийг түмний нүднээс нууцаар яаж шийдэж ирсний жинхэнэ нүүр царай нь харагдаж эхэлж байх шиг.
Харин сүүлийн үеийн ил болсон хэрэг бүрийг харахад жинхэнэ гэмтэн нь биш тэдний заавраар явсан, тэдэнд үгүй гэж хэлж чадаагүйжирийн төрийн албан хаагчид хэрэгтэн болж, ажил амьдралаараа хохирч, ард түмэнд адлуулаад үлддэг жишиг тогтох нь ээ. Үүний нэгэн жишээ нь дээрх ЦАРЦААНЫ ХЭРЭГ болж, төрийн хуулийг зөрчиж, түмний сонголтыг өөрчилсөн жинхэнэ эзэн нь ордонд морилж, түүний өмнөөс төрийн албан хаагч нэгэн золиос болон үлдэх юм биш биздээ гэх эмзэглэл сэтгүүлч надад төрж байна.
Эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөөх шунахайн сэтгэлээс үүдэлтэй нарийн зохион байгуулалт бүхий томчуудын хэрэг дунд эгэл жирийн ард түмэн хохирсоор байх уу? Тэдний хийсэн үйлдлийн хариуд төрийн албан хаагчдыг барьж торны цаана суулгаад байх нь таслан зогсоох арга нь мөн үү?
Эцэст нь нэгэн зүйлийг сануулан бичье. 2016 оны УИХ-ын сонгуулиар УВС аймаг дахь УИХ-ын 31-р тойрогтМАН-аас УИХ-ын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн, АН-аас тус намын ҮЗХ-ны гишүүн, ОдонгийнЦогтгэрэл нар нэр дэвшиж Б.Чойжилсүрэн 51,29 хувийн саналтайгаар ялалт байгуулж УИХ-д орж чадсан байдаг. Үүгээр уншигч танд энэ бүхнийг дүгнэх эрхийг нь үлдээгээд энэхүү нийтлэлээ дуусгая.
М.Баярмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ