АТГ-т аргамжаатай эрхмүүд
Авлигатай тэмцэх газарт сүүлийн үед албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Эдгээр хэргүүдээс олны анхаарлыг татаж байгаа зарим хэргүүд ямар шатандаа байгаа талаар тоймлон хүргэж байна. Албан тушаалаа урвуулан ашиглан хэргээр шалгагдаж байгаа хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд одоогоор шүүхэд шилжүүлээгүй гэдгийг АТГ-аас онцолсон юм.
“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ АСАН Ч.ГАНЗОРИГИЙГ ШАЛГАЖ БАЙНА
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзоригийг яллагдагчаар татан, шалгаж эхэлсэн тухай АТГ-аас мэдээлсэн. Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, ''Стандарт'' банктай холбоотой асуудал олны анхаарлыг татаж буй. Энэ асуудлаар тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга н.Мөнхжаргал нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж эхэлжээ. 2013 онд “Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаанд тавьж зээл авсан. Гэвч зээлээ төлж чадахгүй учраас Английн арбитрын шүүхэдСтандарт банк хандаж, Монгол улс 100 гаруй сая ам.долларын төлбөрт унаад байгаа юм.
М.СОНОМПИЛИЙГ ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Түүнийг Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “Смек” компаниар гүйцэтгүүлэх гэрээ хийж, барилга угсралтын ажлын тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-ын татвараас чөлөөлүүлсэн, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа юм. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзсэн учраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад байгаа аж.Тэрбээр 2012 онд Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан бөгөөд АТГ-аас 2017 оны аравдугаар сараас эхлэн түүнийг шалгаж эхэлсэн юм.
ЕРӨНХИЙ САЙД АСАН Ч.САЙХАНБИЛЭГ ОЮУТОЛГОЙН АСУУДЛААР ШАЛГАГДАЖ ЭХЛЭВ
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн гэрээний бичиг баримттай холбоотойгоор шалгаж эхэлснийг АТГ-аас мэдэгдсэн. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг “Оюутолгой”-н төсөл хэрэгжиж эхэлснээс хойших гэрээний төлөвлөгөө бусад үр дагавар бүхий баримт бичгүүдтэй холбоотой асуудлаар хэргийн бүртгэлт нээсэн байна. Одоогоор холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.
ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “ЭЗЭН” Ш.ОДОНЧИМЭГ
Ш.Одончимэг, н.Энхжаргал нарт 2017 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэгийг хоёр тэрбум гаруй төгрөгийн оффис, орон сууц, авто машин хувьдаа завшсан хэргээр шалгаж эхэлсэн.
Мөрдөн байцаах ажиллагааны явцад түүнийг хоёр тэрбум гаруй төгрөгийн нуугдмал хөрөнгө болох үйлчилгээний оффис, орон сууцнууд, авто машин, агуулахыг өөрийн ажилчид болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр худалдан авсныг тогтоосон. Мөн төсвийн хөрөнгөөр өөртөө өндөр үнэтэй брэндийн хувцас, хэрэглэл, гоо сайхны үйлчилгээ авдаг, орон байрандаа төсвийн хөрөнгөөр эд хөрөнгө худалдан авдаг, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үйлдлүүдийг илрүүлсэн байна.
ДО.ГАНБОЛДЫГ ШАЛГАЖ БАЙНА
“Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганболдыг АТГ-аас шалгаж байгаа. Тэрээр гадаад улсад түүхий эд нийлүүлэхээр байгуулсан гэрээнүүдээс зарим компанид илт давуу байдал бий болгосон, түүхий эдийн зах зээлийн ханшийг хэрхэн тогтоож гэрээ байгуулсан, эдгээр гэрээнд албан тушаал, авлигын гэмт хэргийн шинж байж болзошгүй, улмаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэсэн юм.
Ш.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ